Monday 23 December 2013

Юм юмны тухай

Шөнө өдөргүй, цаг наргүй блогддог байсан үеийн танил дотно блогчид, уншигчид болоод ягаахан блогт минь анхлан саатаад сэтгэлийн минь үгсийг уншин суугаа шинэхэн танил тандаа эхлэн буй шинэхэн долоо хоногийн мэндийг хүргээд, хөөрхөн инээмсэглэл, хөнгөн үнсэлтийг хэн нэгэн хайртай, дотно хүний чинь өмнөөс бэлэглэе!

1.Эрүүл биед, саруул ухаан
Намайг очиход налгар зунаараа байсан нутаг минь намайг буцахад намрын сэрүүндээ жиндээд үлдсэн сэн. Гарч орохын завсартаа сэтгэл болоод биеэрээ дулаахан яваарай. Өсөх насанд жиндсэн бие, өтөл насанд өвчин хууч ороогоод барагтай байх юм гээд нас жар дөхөж яваа эгч толгой сэгсэрч сэтгэл ээ хуваалцах даа, насны залууд л биеэ гамнаж, амрах сувилах болоод хэдхэн минутын дасгал хөдөлгөөн хийж хэвшихийг хэрэг болгон захисныг залуу найз минь танд ч бас дуулгая.
Энэ биеийг үүрдийн залуу байлгах шидийг хүртэж чадахгүй ч гэлээ, эрүүл чийрэг байлгах хийгээд хэдэн насаар залуу харагдаж, хэдэн жилээр урт наслахыг идэр залуу насанд л эхлүүлэх хэрэгтэй гэнэ. Энгийн хэдхээн дасгалыг өдөрт 10-15 минут хийхэд л биеийн эрүүл мэндэд тустай байдаг тухай олноо алтан гарт гэж хүндлэгдсэн Анагаах ухааны доктор, профессор, Монгол улсын хүний гавъяат эмч Хайруул багшаас сонсож заалгасан аа, өдөр бүр өөрийн биеэр хэрэгжүүлэн, өвчин тусаад эдгээх гэж оролдох бус, өвчнөөс урьдчилан сэргийлж зөв хэвшил, зөв дадлаар амьдрахыг хүсэн буйдаа сэтгэл нэн таатай.
2. Ажилсаг шаавай
Эх орны нийслэл Улаанбаатар хотын амьдрал тэрүүхэн тэндээ буцалаад л байх юм. Нэг сая гаруй хүн амтай хотын амьдрал буцлахгүй гээд ч яахав, гэхдээ нэг тийм хүч чадалтай, оргилуун буцалбал гэсэн бодол илүү үгт сэтгэлд минь хургаад болохгүй.
Хотын өнгө зүс нэгэн хэвийн ч тэр өнгө зүсийг арчлах гэсэн сэтгэлийг ажил болгон хийж яваа хүмүүс бол яах аргагүй нийслэл, дүүргийн хот тохижилтын албаны үйлчилгээний ажилтнууд. Аль ч дүүргийн нутаг дэвсгэрт замын сул шороо шүүрдээд зогсож буй ах, эгч нартай байнга тааралдана. Шүүрээ хөдөлгөхийг нь харахад л бүр нэг цаад сэтгэлээсээ хүч гарган цэвэрлэж буй нь илт. Тэд намайг очиход цэвэрлээд л угтсан, намайг буцахад цэвэрлэсээр л үлдсэн дээ. Даанч тэр нарийн их шороо дуусахгүй нь гачлантай.
Болдог бол хотын замууд дээр дэлгэр зуны цагт ус цацаж чийглэж баймаар л санагдах юм, даанч жилээс жилд нөөц нь ховордож байгаа чандмань эрдэнийг тийм гамгүй цацаад байж бас л боломгүй. Энэ бүхнийг эвтэйхэн зохицуулчих арга чарга байдаг л байх даа? Асуултын хариуг түр азнаад тийм их нарийн шорооноос хотоо, хүн ардаа хамгаалан цэвэрлэж зогсоо тэдэнд талархахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Эрхэм та ч бас тэдэнд талархаарай, таны миний голоод хийгээгүй ч, таны бас миний эрүүл мэндийг нэг талаараа хамгаалан байгаа хүндтэй, хэрэгтэй ажлыг тэд хийж байгаа юм шүү!
3. Бүсгүй минь инээмсэглэж яваарай
Хэнээс ч хүндлэл хүлээдэггүй мөртлөө хэнд ч хүнд суртал гаргахгүй ажиллах тийм хүмүүс олон байх. Нэгдүгээр хорооллын " Хар хорин " захын ард байрлах Монголын Цахилгаан Холбоо компаний ... дугаар салбарт ажиллах эгчийг би хөөрхөн эгч гэж дүгнэсэн. Учир нь мэдэхгүй олон асуултдаа хэд хэд дахиад хариулт авахад тэрхүү эгч уурлаж, ундуйцахгүй бүгдийг надад нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн юм.
Харамсалтай нь тэр хөөрхөн эгчийнхээ нэрийг мэдэж чадалгүй гарсан даа одоо л харамсаж сууна. Ямар учраас, яагаад тэр ажлыг хийж суугаагаа мэдэж, ажилдаа тийм сайхан сэтгэл гаргаж, үйлчлэгч ээ хүндэтгэн харьцдаг тийм сайхан ажилтанг олоход ховор болсон цаг сан. Ийм цаг үед бусдаас ялгарах сайхан харьцаа, сайхан инээмсэглэлийн эзэн болсон хөөрхөн эгч минь баярлалаа танд.

Сэтгэлдээ хүрсэн 100% үйлчилгээг холбооны ...дугаар салбараас авсаны дөнгөж маргааш " Монос " компаний бөмбөгөр болон 5-н шар дахь эмийн сангийн салбаруудаас эм авахаар орох доо, цагаан халаад өмссөн эм зүйч бүсгүйчүүдээс хөмсөг зангидсан, бухимдаж үйлчлүүлэгчийн авахыг хүссэн эмийг лангуу болох шилэн тавиур дээр шидлэн байх дүр зургийг хараад дэмий л санаа алдах бас гомдох сэтгэлтэй тэндээс гарсан юм.
Өвчин гэдэг зүйл юу юунаас илүү сэтгэлийг үхүүлэн доройтуулдаг болохоор том, жижиг өвчин бүртэй тэмцэн яваа эгэл ардад эмч болоод, эм зүйч хүний итгэл хайрлах, зөөлөн инээд дутагддаг байж мэдэх юм! Бүсгүй та инээж байх даа, юу юунаас илүү үзэгслэнтэй сайхан харагддаг aa мэдэх үү?
3. Үстэй хийсэн тэмцэл
Тухлаг орчинд, танил дотно Монгол хоолоо идэхээр шинэ хуучин ресторануудад нэлээн хэд саатлаа. Хоолны амт чанарт баяссан сэтгэлийн баталгааг шалгах гэсэн шиг урт богино, хар, шар, бор үс аяга тавагтай хоолноос яаж ийгээд л гараад ирж байсан нь хөөрхий сэтгэлийн урам гээчийг ууцаар нь хугалсан хэрэг явдал Тэрэлж дэхь УБ-2 амралтын газрын ресторан, хүүхдийн урлан бүтээх төв ордоны урд байрлах " Модерн Номадс " ресторан, 25-дугаар эмийн сангийн ойролцоо байрлах " Арвай " ресторануудад гарсаныг бусдын бизнесийн үйл ажиллагаанд саад болох гэсэндээ бус, тийм алдааг дахин давтахгүй, түмэнд хүрсэн сайхан үйлчилгээгээ улам илүү чанаржуулан ажиллаасай гэсэндээ энд ийнхүү бичлээ. Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс нааш гэдэг сэн.

Адал явдал хайгч, дүрсгүй миний эх орондоо хийсэн энэ жилийн айлчлал гэр бүлийн хүрээнээс нэг их халилгүй нам жимхэн өнгөрсөн ч хэсэг бүлэг блогчидтой уулзчих юмсан гэх бодол сэтгэлийн буйдад үе үе төрсөн ч хэрэгжүүлж үл чадсанаар харь нутгийн зүг буцах болчиж билээ.

...Намайг очиход налгар зунаараа байсан нутаг минь, намайг буцахад намрын сэрүүндээ жиндээд үлдсэн сэн.

Хэн нэгэн танил минь сэтгэлдээ жиндүүхэн явах вий
Хэрэг болгоод дулаахан үгийг онож нэг хэлэх сэн...

1 comment:

  1. 1. ss_gogo | 2011-09-19 19:38:08
    эх орондоо ирээд юм юм л үзэж дээ кккк ахыгаа л үзэлгүй буцаж дээ энэ дүү охин эдр кккккк
    2. Julia_976 | 2011-09-19 19:46:54
    Блогчдын анхны уулзалтаас чинь Нини, та хэдийг мэддэг болж билээ.
    3. Бээст | 2011-09-19 19:52:48
    ямар сайхан энгийн, онож бичээ вэ
    хүндлэл төрүүлэм
    4. consula | 2011-09-19 19:54:52
    эх орондоо саатаад буцсан эрхэмсэг хонгор бүсгүйдээ дараа буцаад ирэхэд чинь үсний тэмцлийг үндсээр нь тасдаж үйлчилгээний чанарыг хувиар нь ахиулж, инээдэггүй эм зүйчийг мэдрэмжтэй болгоод илүү сайхан Улаанбаатарт угтах болохоо амлаж байна.
    бичлэг шигээ аядуу зөөлөн, ухаалаг бүсгүй минь
    5. Төрсод | 2011-09-19 19:58:09
    юм юм л байдаг юм байна даа
    6. Бээст | 2011-09-19 20:01:57
    Таны блогыг өөрийн гэрт байх "хөршүүд" буланд залж насан туршдаа тахин шүтэж амьдархаар боллоо, танд амжилт хүсье,
    Хүндэтгэсэн: Бээст
    7. angelic_universe | 2011-09-19 20:18:01
    ирциймаадаа
    8. angelic_universe | 2011-09-19 20:18:41
    тэгээд
    9. angelic_universe | 2011-09-19 20:18:52
    буцциймаадаа
    10. angelic_universe | 2011-09-19 20:19:05
    хэлж мэлдэггүй эээ
    11. H.Ray | 2011-09-19 21:05:28
    харин тйимээ, тэр гудамж цэвэрлээд зогсож байгаа хүмүүс хэцүү бас бахархмаар харагддаг шүү, хэдий хэцүү ч гэсэн халшралгүй, бэлэн юм нэхэлгүй өөрсөдийнхөө хүчээр ажиллаж байна ш тээ...
    12. Chbayar (зочин) | 2011-09-20 15:07:45
    Ircen shigee butsaad l yawchix yum Yag l xawar namar shig. Iim ix xvleecen baital uchirch chadcangvi yag l xair xaruusal shig.
    13. Erhtsas | 2011-09-21 01:20:52
    1. Гого агаа-д Ахыгаа л хараагүй явчихсан нь ч явчихсаан

    2. Жулияа-д Хммм, тэгэхээр та тэр уулзалтан дээр ирсэн байх нь ээ.

    3. Бэст-д Баярлалаа. Байгаа зүйлсийг байгаагаар нь л бичсэн юм.

    4. Консула бүсгүй-д Мааш их баярлалаа. Тэд бидний төлөө биш өөрсдийнхөө төлөө өөрчлөлтийг заавал хийгээсээ. Илүү үглэж бичсэн зүйлсээс минь хэрэгтэйгээ аваад гардаг тандаа баярлалаа.

    5. Төрсөд агаа-д Тийм ээ юм юм л байлаа.

    6. Бээст-д Хэ хэ хэ, тахин шүтээд хэрэггүй ээ, зүгээр л уншиж л байхад болно. Урам хайрласанд баярлалаа.

    7. Анжелик агаа-д Ирчихээд тэгээд буцчихаад л байж байна даа агаа, хэлээгүйд үнэхээр их уучлаарай. Гэр бүлийн асуудлаар яарч буцсан болохоор, гэр бүлээсээ өөр зүйлд зарцуулах цаг үнэхээр байсангүйг минь ойлгоорой.

    11. Рэй-д Нээрээ л өөрсдийнхөө хүчээр л ажиллаад байгаа хүмүүс дээ. Би тэднийг харах тоолондоо л талархалын харцаар урам өгөхийг хүсдэг байсан ч тэдэнд надруу хараад зогсож байх тийм цаг зав ер байгаагүй.

    12. Чбаяр-д Хэ хэ хэ. Сайхан үгс үлдээсэнд баярлалаа.
    14. Sono78 (зочин) | 2011-09-21 05:05:46
    Хэн хүнгүй эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж явах нь чухал юм, залуу байлаа гээд биеэ орхиж болохгүй ээ. Сайхан тэмдэглэл болжээ Эрхцасаа, сайхан санагдлаа, би ч гэсэн өөр шиг тань хам хум очоод ирсэн.
    Манайханд жаахан л сэтгэл гаргах хэрэгтэй мэт харагдаж байсан, аливаа юманд.
    Ямар сонийн, би ч бас тэр үйлчилгээний ах эгч нарыг хайрлаад уулзсан шд, миний уулзсан ахын гутал нь муудсан байсан, би цэргийн зориулалттай (хөдөө явахдаа өмсөж байсан)сайн гутлаа түүнд үлдээсэн, бага зэрэг томдож байсан ч ах нь жийрэглээд өмсчихнө өө, баярлалаа гээд нар гийтэл инээсэн нь одоо ч тод байна. Үнэхээр баярлаж байсан тэр ах.
    15. Бээст | 2011-10-02 23:00:03
    энэ хааччуу, таг
    16. boonjig (зочин) | 2011-10-10 12:38:51
    tegeed l nuudlin shuvuu shig irj butsaad l, sem ireed nam bgaad butssanaa xojim ni gaixuulaad l, irexed ni zaaval uulzana gsn xumuus amaaraa taviulaad l bgaam daa. "ungursun bolovch tsaashid ch daxin davtagdax uiliin tsag" deer bichlee, tegj bgaad chi 1 barigdana daa bidend, tegexed ch xarin 1 sn xashraaxiig bid mednee.
    17. Бээст | 2011-10-17 16:38:49
    нэг сар таг
    18. lover_girl | 2011-10-20 20:14:30
    :)

    ReplyDelete