Friday 12 August 2016

Зүрхээ уудлав

Ор сураг тасараад яг арван сар болжээ, эмэгтэй хүний хувьд бүхэл бүтэн нэг ертөнц тээгээд төрүүлчих хэмжээний хугацаа өнгөрч. Гэвч нөхөр бид хоёрын хувьд ам бүлийн тоо одоогийн байдлаар нэмэгдээгүй яг хэвээрээ. Арван сарын хугацаанд олон зүйл болсон нь мэдээж, үүнээс сэтгэлд үлдсэн тод томруун дурсамж, үйл явдлаас блогчид та бүхэнтэйгээ хуваалцана аа.

Арван нэгэн жилийн дараа гэр бүлээрээ, эх орондоо, өсөж төрсөн гэртээ " Цагаан Сар " тэмдэглэсэн минь хамгийн сайхан дурсамж болж үлдсэн. Энгийн бүхнээс алсран холдсон байснаа, олон жилийн дараа сар шинийн баярт бэлтгээд завгүй гүйж явах даа л ойлгов. Эх нутагт минь амьдран суугаа элэг нэгт түмэнд минь дарамттай, хэцүү санагдаад байгаа баяр надад болон нөхөрт минь маш ихээр таалагдаж, ирэх жилийн сар шинээр Монголд л байх юм шүү гэх хүслийг хачин ихээр бадраасан.

Нөхөр минь хадмуудынхаа гал тогоог бариад орсон гарсан хүмүүст бууз жигнэж гүйгээд, өөрөө тэрэндээ догдлоод үнэхээр хөөрхөн байсаан. Гэхдээ нөхөрт минь айлаар зочилж, дайлуулж цайлуулж, бэлэг сэлт авах нь хамгийн сайхан байсан гэсэн. Бас ахмад настандаа мөнгө барьж золгох нь их зөв бөгөөд, хүндлэлтэй байлаа л гэж байсан. Сингапурт бол ахмад настай болон гэрлэсэн хүмүүс нь бага насны болон гэрлээгүй залуусдаа мөнгө өгдөг юм.

Ширээ дүүргэн өрсөн идээ ундаа, орсон гарсан хүмүүсийг халуун буузаар жигнэж дайлах нь бидний ард түмний ямар их зочломтгой, найрсаг ард түмэн болохыг тод харуулж байна гээд л магтаад, өнөөдрийг хүртэл уулзсан хүмүүс дээ Монголын цагаан сарын тухай ярьсаар л байгаа хань минь.

За тэгээд зорьж очсон цагаан сар минь сэтгэлдээ дүүрэн бас бүтэн дурсамж үлдээх гэсэн хэтийн зорилготой байсан бөгөөд аавтайгаа шинэлсэн хамгийн сүүлчийн сар шинэ байсан юм. Аавыг минь аваад явна гэдгээ хэдэн жилийн өмнөөс бидэнд мэдэгдэж, аавыгаа баярлуулах, өөрсдийн сэтгэл ээ бэлтгэх боломж олгосонд нь бурханд баярлах ч арай л эрт аваад явах болсонд нь нэг талаар гоморхоно.

Үр хүүхэд нь тоодоггүй ганц бие хөгшчүүл асрах харах хүнгүй хоосон гэрт ганцаар амьдраад эрүүл энх урт наслаад л байхад үр хүүхэд нь хачин ихээр хайрлаж, асарч халамжлаад, алдахаас айж харамлаад байхад л хамгийн эрт бурхны зүг одчихдог хүмүүний нэг нь миний аав байлаа.

Эмчилгээгүй гэж эмч нар хэлсэн гурван зуны тэртээх өдрүүдээс эхлээд аавыгаа нэг л өдөр зүрх, судасны өвчнөөр алдах нь гэж айж байсансан. Нэгэнт л эмчилж эдгээж чадахгүйгээс хойш аавыгаа өдөр бүр баярлуулж, өдөр бүр дуу хоолойг нь сонсож үлдэж хоцрох доо харамсах зүйлгүй байхын тулд боломж гарах бүрд аавтайгаа уулзаж, өглөө болгон аавтайгаа ярьж байсан минь үнэндээ өөрийнхөө сэтгэлийг харамсах зүйлгүй байлгах гэсэн л хэрэг.

Аавыгаа хэзээ нэг өдөр зүрхний өвчнөөр л алдах нь гэж бодож байсан бидний бодол 12 сард эмч нарын хэлсэн, аав чинь уушгины хорт хавдрын сүүлчийн шатанд орсон байна гэдэг үгэнд үнэхээр хүнд цочирдож билээ. Зүрхний зовиураасаа болж сүүлийн гурван жил эмч нарын хяналтанд байж зургаан сар тутамд компьютер оношлогоо хийлгэж байсан атлаа уушгины хорт хавдрыг сүүлчийн шатанд орсон хойно нь илрүүлж мэдсэнд нь зарим нэгэн эмч нарт гомдох сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

Уушгинд байсан хавдрыг жаахан хатгаа байна гэж тэмдэглээд, тэрийг нь уушгины эмч 8 сар хатгаа гэж эмчлээд хавдрыг сүүлчийн шатанд оруулсан нь зарим нэгэн эмч нарын мэдлэггүй бас хариуцлагагүйг тодхон илтгэнэ. Ер нь явж явж, бусдыг гэсэн сэтгэл Монгол түмэнд минь улам л үгүй болоод байх шиг.

Хамгийн сүүлд аавыг минь үзэж компьютер оношлогоо хийж, уушгины хатгаа биш энэ бол хорт хавдар гэж оношилсон эмч маш ихээр харамсаж бүр халаглаж байсан даа. Учир нь аавын маань түүнээс 8 сарын өмнө хийлгэсэн компьютер оношлогооны зураг дээр баруун уушгины баруун доод буланд өөрчлөлттэй бөгөөд 3.5см хавдар байгаа нь тод харагдаж байхад, эмч нар тэрийг анзаарч хараагүй " баруун уушиг жаахан хатгаатай " гэж бичсэнийг гайхаад халаглаж суусан юм.

Хэдийгээр аав минь зүрх судасны өвчтэй, хагалгаанд орох боломжгүй байсан ч бид аавыгаа уушгины хорт хавдраар алдах болсон доо харуусаж хачин ихээр сэтгэл зүрх минь эмтэрч байсансан. Бараг айл болгон ах дүү, хамаатан саданыхаа хэн нэгнийг хорт хавдраар алдаж байгаа ч тэр бүхэн бидэнд нэг л өдөр хэт оройтоод тохионо гэж үнэхээр санаагүй л явж.

Ихэнх хүмүүсийг эмнэлэгт хандахгүй явсаар оройтож оношлуулж байна л гэдэг гэтэл миний аав шиг эмнэлгээр явж, эмч нарын байнгын хяналтанд байсаар буруу оношлогдож, хугацаа алдаад хорвоог орхигсод хичнээн байгаа бол? Хийсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг хэнэггүй хүмүүсийн буруугаас ямар олон хүн ямар нэгэн байдлаар амь нас, эрүүл ахуй, сэтгэл зүрх, хөрөнгө мөнгөөрөө хохирч суугааг таашгүй.

Аав минь бие сайтай хүн байсан уу эсвэл хэт их өвдөлтийг биднээс нуусан уу, ямартай ч хорь гаруй хоног л хэвтэрт байж, сүүлийн 7 хоногт нь л бусдаар асруулсаар бурхны орондоо одсон доо. Аавыгаа асарч, дуртай хоол цайг нь хийж өгөөд гарыг нь атгаж, духыг нь илж суусан тэр өдрүүдээр л сэтгэл ээ дэвтээж, аавыгаа асарсаан гэж өөртөө итгүүлж сууна.

Заавал буцаж, өөрийн биеэр байх ажил гарч аавдаа эргээд ирнэ ээ гэж хэлээд явсан тэр өдөр аав бид хоёрын бие биеэ чангаар тэврээд сүүлчийн уулзалт байх гээд мэлмэртэл уйлсан нь үнэхээр л сүүлчийн уулзалт, сүүлчийн тэврэлт, сүүлчийн үнсэлт байсан даа.

Хэзээ л бол хэзээ аавыгаа алдах байх гээд хийсэн бүхэн минь аавыгаа баярлуулах, өөрийнхөө сэтгэлийг харамсах зүйлгүй байлгах гэсэн л зүтгэл, хүсэл байлаа. Өнөөдөр сэтгэл гуниглах ч аавын сайн охин байсан гэх бодол л цаашид зөв хүн байж, зөв амьдарч зүрхний гүнд амьдрах аавыгаа инээмсэглүүлж явах юм шүү гэх бодлыг оргилуулна.

Мөнх бусын хорвоод үдлээд явах хайртай хүмүүс ээ, үдээд үлдэх өөрийн сэтгэлийг харуусал гуниг багатай байлгахын тулд өнөөдөр л байгаа дээр нь үгийн зөөлнөөр хайрлаж, өчүүхэн жоохноор ч болов цаг хором бүрд л баярлуулж явах нь чухал юм даа.

23 comments:

  1. Гүн эмэгнэл илэрхийлье. Хүн эцэг эхээ алдах аль ч насанд хэцүү хэвээрээ л байдаг байх. Амьдралдаа хийж бүтээснийг нь бас хүссэнээрээ сайхан амьдарсаныг нь санаж сэтгэлээ тайтгаруулж яваарай.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм ээ, эцэг эхээ алдана гэдэг үнэхээр хэцүү, хов хоосон л болчихдог юм байна. Аавынхаа сайхан сайхан бүхнийг үргэлжлүүлэх гэж хичээн ээ баярлалаа.

      Delete
  2. эмэгнэл илэрхийлье :(
    ямар хариуцлагагүй эмч нар вэ

    ReplyDelete
    Replies

    1. Баярлалаа. Ийм л хариуцлагаггүй, хүн ээ гэх сэтгэлгүй нийгэмд л гэр бүлийнхэн минь амьдарч байна даа :(

      Delete
  3. Aav n xuuxdudueere toiruulaad setgel sanaa duuren bgaad yavsan bxoo, :)

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байгаасай л гэж хүсэж, сэтгэл ээ аргадаж сууна даа.

      Delete
  4. Харамсалтай үйл явдал болжээ, эмгэнэл илэрхийлье. Охиныхоо анхаарал халамжийг хүртээд сэтгэл амар буцсан гэдэгт эргэлзэх хэрэггүй дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Сэтгэлийн хов хоосон орон зайд, аавынхаа хүслийг жаахан ч болов биелүүлж чадаа болов уу гэж горьдож л сууна даа.

      Delete
  5. Нөхөр монгол хүн үү? Сингапур хүн юм уу?

    ReplyDelete
    Replies
    1. Нөхрийн минь тухай эндээс уншаарай :)
      https://erhtsasbanjig.blogspot.sg/2013/07/blog-post_30.html

      Delete
    2. Баярлалаа.
      Линкийг уншлаа, танай гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье.

      Delete
  6. Mash ih haramsaltai bna. Ohindoo ih bayarlasan baihaa, huliig ni huchij bgaad divaajin luu udej ugsund ni...
    Bi bas hol bolohooroo ih sanaa zovnoo. Bie sain bodooroi l gej zahidag yum.

    ReplyDelete
    Replies
    1. Ийм үед л үр хүүхэдтэй байна гэдэг ямар сайхан болохыг ямар ч хүн ойлгодог юм шиг. Хол байсан ч ойр байгаа мэт байнга л холбоотой байгаарай эгч минь. Би ч бүр аав ээжийгээ залхтал өдөр болгон утсаар ярьдаг байсан юм, сүүлдээ аав бүр намайг өнжөөд нэг ярьж бай гэдэг болсон байж билээ. хэхэ

      Delete
  7. Эмгэнэл илэрхийлье. Аав тань тэнгэрийн орноос та нарыг хараад бахархаж байгаа байхаа.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Аавыгаа бараг шөнө болгон л зүүдлэх юм, сэтгэлийн гүнд аавыгаа бодохгүй нэг хором ч байдаггүй бололтой надад.

      Delete
  8. Эмгэнэл илэрхийлье. Аав тань тэнгэрийн орноос та нарыг хараад бахархаж байгаа байхаа.

    ReplyDelete
  9. Эрхцасаа би хятад сурах болчихоод хүүхдүүдээ аваад явбал цэцэрлэг олдох болов уу

    ReplyDelete
    Replies
    1. За би хүнээс асуугаад хариу удахгүй хэлье.

      Delete
    2. Тэгээрэй хө. Би хүлээж байя

      Delete
    3. Тэгээрэй хө. Би хүлээж байя

      Delete
  10. Emgenel ilerhiilye. Bi mongol emch nart yer n itgedeggui, bas l hainga humuus shuu dee.

    ReplyDelete
  11. 15,16 oni buh bichlegiig unshiv. 2014oni tal bichlegiig unshiv. tegj bgaad uldseniig n duusganaa. singad dahin ochih bolomj garval goyo coffee zaalgaj uunaa. ug n heseg hugatsaand bsan ch oligtoi tenej chadaagui. surguuli dotuur bair surguuli dotuur bair geseer irsen dee. odoo bodohod ugui mon teneg bsan bgaan shuu. alhaad ch boltugai tenej l yavahgui

    ReplyDelete
  12. Гүн эмгэнэл илэрхийлье. Мэдэхгүй байж болно, ядаж өчүүхэн ч гэсэн сэтгэл гаргаж байгаасай даа. Үлдэж байгаа үр хүүхэд бидэнд үнэхээр гомдолтой санагддаг шүү дээ.

    ReplyDelete