Tuesday, 27 September 2016

Төрхөм дөө буцсан нь


Танил охин нөхөртэйгөө муудалцаад төрсөн гэртээ очсон оо, үүнийг нь ч аав ээж нь хөхүүлэн дэмжиж, муу хог шаар болсон нөхрийг сайтар хашраах тухай зөвлөөд, хоёр хүний дунд болсон хэрэг хоёр талыг хамарсан нэлээд ноцтой асуудал болсон талаар найз охиноос цахим зурвас ирэв.
Хэдэн мянган бээрийн тэртээ хоёр хүний дунд болсон хэрэгт, хэрхэн зөвлөж хариулах аа мэдэхгүй суутал олон жилийн өмнө ээжид минь тохиолдсон сургамжит явдал санаанд орсон нь бас л төрхөм дөө буцсан түүх юм.

... Аав минь 26 настайдаа өөрөөсөө 5 насаар дүү охинтой сууж анхны хүүхэд ээ өлгийдөж авсан гэдэг. Ээж минь насаар бага дээр нь тэр үеийн хүмүүжилт нийгмийн бүтээгдэхүүн тул өөрөөс ахмад настайг хүндэтгэж, өмнөөс нь үг сөрөх гэдгийг мэддэггүй охин байж. Тэр нийгмийн хүмүүжил, ээжийн нас хоёр нийлээд хадам эгч нарт загнуулж, дээрэлхүүлэх гол хүчин зүйлс болсон байгаа юм. Аав тээврийн жолооч тул байнга холын тээвэрт явж гэртээ байхаасаа байхгүй нь их, энэ нь ч ааштай хадам эгч нарт шинэхэн бэрээ дээрэлхэх сайхан боломжийг өгсөн нь мэдээж.

Ааштай хадам эгчийн ээлжит дайралт хэрээс хэтэрч ээжид минь алганы амт үзүүлсэн тэр өдөр ээжийн тэвчээр барагдаж, хувцас аа боогоод, хүүхэд ээ тэврээд өсөж төрсөн гэрийн зүг Гандангын дэнжийг зорьж л дээ. Нагац өвөө хуульч, өмгөөлөгч, шүүгч хүн тул өөрийн том охиноо өмөөрч, худ урагын дарангуйлагч  охидыг болгож тавих нь мэдээж гээд ээж их л хайр хамгаалал хүсэн очсон ч одоогын бид нар шиг юу гэж л уйлж орилоод эрхлэж зүрхлэхэв.

Охин нь дуу шуу багатай дээр нь хэдэн хувцас аа боогоод ирснийг харсан эмээ яаав ийв гээд болсон зүйлсийг ээжээс асууж, хүмүүжилгүй хадам эгч нарыг нь загнаж, харааж суугааг харсан өвөө, зээ охиноо хувцаслаад, ээжийг ууттай хувцас аа аваад дагаад явахыг хэлээд гэрээсээ гараад явчхаж гэнэ.

Эмээ ээж хоёр үг дуугүй өвөөгийн үгийг сонсож, хойноос нь дагаж явсаар авга эмээгийнд буюу аав ээжийн маань гэрт ирж. Тэр үед аав ээж, авга эгч, авга эмээ гээд бүгд нэг хашаанд тус тусын дугуй цагаан гэртээ амьдардаг байж л дээ.

Өнөөх өмгөөлж хамгаалаад, шүүгээд өгөх аав нь өмөөрч хайрласан ганц ч үг хэлээгүй хэрнээ, өөрийг нь адалж, дээрэлхээд байдаг ааш муутай хадам эгч нарын хажуу бөөрөнд аваад ирсэнд аавдаа их л гомдож суусан гэдэг юм ээж минь.

Өвөө худындаа ирээд бодвол цай цүй болоо биз, тэгж суугаад авга эмээгээс уучлал гуйж. Үр хүүхэд ээ хүнээс үг сонсож сургаагүй, муу хүмүүжүүлснээ өнөөдөр л мэдэж ичихийн дээдээр ичиж байна, хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг манай энэ ааштай охин мал шиг аашилсан нь охин хүүхдийг зөв хүмүүжүүлж чадаагүй эхнэр бид хоёрын буруу. Ахмад хүнээс өөрт хэрэгтэй таван зөв үг хүлээж авч чадахгүй, амны зоргоор аашилсан ийм охинтой доо ичиж байна. Бодвол ганц л удаа ингэж буруу зөвийг зааж хэлээ байлгүй, ганц удаагийн үгийг тэвчилгүй гэрийнхээ зүг гүйгээд очдог хүмүүжил муутай л үртэй хүн юм би. Нэгэнт танайд ёс төртэйгөөр өгсөн бэр тул, гэртээ байлгаж чадамгүй нь үр шиг ээ хамгаалж, зөв хүмүүжүүлж аваарай та. Уг нь овоо хүмүүжүүлж гэж бодож явсан юм, бас л хавийнхаа улсыг хазлаад байдаг хачиг авиртай л үр байх нь, сэтгэл жаахан дундуурхан л наашаа алхлаа. Гэхдээ таны хажууд, үг үйлдлийг чинь суралцаад үлдэх юм байна, цаашид алзахгүй биз дээ...гэж хэлчихээд өвөө тэднийхээс гарч.

Өөрийнх нь охин загнуулж, зодуулсан байхад хүний хүүхэд өмөөрч, ээжийг л хамаг буруутай хүн болгож хадам ээжид нь хэлсэнд ээж бүр голдоо ортол өвөөд гомдож. Их л хайр, халамж хүсэж очсон ч төрсөн гэрт нь багтаах зай байгаагүйд жаахан охин сэтгэлээр унасан нь мэдээж биз. Хүний өөдөөс шөргөлдөж ганц үсэг ч хэлэхгүйг нь мэдсээр байж, хамаг бурууг өөрт нь тохоод бүр болоогүй уучлал гуйсныг нь бодоод гомдож уйлж суусан ээжийг минь хадам ээж нь зөөлхөн аргадаж тэр өдрөөс хойш амьсгал хураан хураатал аа ээжийг минь төрсөн охидоосоо ч илүү хайрлан хамгаалж явсан гэнэ лээ.

Хадам эгч нь галзуурч хааяа уурлах ч гар далайж ээжийг минь дахиж лав зодоогүй гэсэн, уурлаж загнаж эхлэхээр л эмээ гэдэг илд бамбай ээжийг минь хамгаалж ааштай охин оо нам дардаг болсон байгаа юм. Мэдээж цагийн аясаар ааштай хадам эгчийн ааш засарч, одоо ээжид минь хамгийн хайртай, анхаарал халамж тавьдаг дотноос дотно нэгэн болсон.

Сүүлд авга эмээ минь нагац өвөөгийн тухай дурсаж суух даа, ээ дээ мөн ч ухаантай хүн байсан шүү, уг нь бол үр хүүхэд ээ хүмүүжүүлж чадаагүй нь тэднийх биш манайх л байсан юм. Би ч ичиж, хэлэх ч үггүй л сууж билээ. Хэлээрээ биш, хөлөөрөө харьцсан ч манай л галзуу шар. Гэтэл танай охин манай охиныг зодоод гээд омогдоод ороод ирэхийн оронд, хүмүүжилгүй охиныг минь хүмүүжүүлж аваад, хайрлаж хамгаалж яваарай гэж хэлсэн тэр үгэнд нь айхтар учир утга агуулагдаж байсан байгаа юм шүү. Ёстой л нээрээ алсыг харсан ухаант хүний үг, үйлдэл дээ. Би ч худынхаа ухааныг одоо ч биширч, хүндэтгэж явдаг юм гээд гараа тэргүүндээ авч залбирч суусан нь нүдэнд харагдана.

Ээж хүртэл энэ дурсамж аа өнөөдрийн насны өндөрлөгөөс эргэн харж суухад, аавынх нь алсыг харсан үйлдэл, ээж аавын минь эв найртай, бүрэн бүтэн амьдарсан эдгээр он жилүүдийн зөв эхлэл байсан гэж хэлдэг юм. Хэрэв тэр үед өвөө ээжийг минь хошуу дэвсэж угтаад, төрсөн гэрт нь үлдээсэн бол амьдралд тулгарах өчүүхэн жаахан бэрхшээл бүхэнд хувцас аа боогоод, хүүхдүүд ээ хөтлөөд хичнээн ч удаа төрсөн гэртээ очих байсан юм билээ. Олон удаа давтагдаад ирэхээр аль аль талдаа үнэ хүндгүй болоод босох биш нурах л байсан байх тэр амьдрал.

Сүүлд өвөө ээжид минь, аав нь дандаа л хажууд чинь байж чамайг өмөөрөөд байж чадахгүй, үр хүүхэд ээ хүний хүнд дээрэлхүүлж явахад сэтгэл эмтрэхгүй эцэг эх гэж хаа ч үгүй. Гэвч чамайг ганц удаа өмөөрч тэнд очиж омогдсоноор унтрах байсан очыг улам л дүрэлзүүлэхээс цаашгүй. Харин чамайг өөрийнх шиг ээ хайрлаж чадах, дэргэд чинь ойр байх нэгэн бол чиний ээжээс ч илүүтэй чиний хадам ээж л байх болно. Тэр хүний сэтгэлийг зөвөөр эргүүлж, үр чамайг түүний нөмөр нөөлөгт үлдээж чадвал, чи насаараа амар тайван, амьдрах болно. Сэтгэл нь зөв хүнийг зөв үг л удирдаж чаддаг юм, аав нь чиний ирээдүйн төлөө л чамайг бүхэнд буруутгасан юм шүү...гэж хэлээд ээжийг минь уйлуулж байсан юм гэнэ лээ.

Өвөөгийн ухаан өнөөдөр олон хүнд дутаж байх шиг...

8 comments:

  1. Replies
    1. Харин тийм, авга эмээгээс л нагац өвөөгийнхөө тухай гоё гоё юм их сонсдог байлаа. Авга эмээ худынхаа ухааныг нь их биширдэг хүн байсан юм.

      Delete
  2. yostoi mundag uhaan bnaa.

    yag aav shig min, aav min bas hadam eejiinhee hamgiin hairtai huu ni bailaa.

    zuulun ni hatuugaa gedeg yum. taiwan zuulun handaj bai l gedeg yum. haaya ch eldev yum sonsood uur hurdeg ch aaviinha ugiig bainga l sanahiig hicheedeg dee.

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан хүмүүсийнхээ ухаалаг үгсийг санаж явахад алдахгүй оноод л явна даа тээ :) Өө тэгээд идсэн эрүү хувхайрдаг гэдэг болохоор энэ тэр юмыг тоохгүй л явах хэрэгтэй.

      Delete
  3. авга өвөө нагац эмээ хоёр хоёулаа мундаг хүмүүс юмаа

    ReplyDelete
    Replies
    1. Нээрээ л бас нагац эмээ хөөрхөн ухаантай байж л ээжийг минь ойлгож энэ хүртэл сайхан амьдрах эхлэлийг нь тавьсан юм байна шүү.

      Delete
  4. Яг орчин үед бол өөрийн охиноо зэмлээд аваачаад өглөө гэхэд ингээд сайхан ойлгоод хүлээж авах нь юу л бол гэж айх юм даа. Манай охин эргээд ирвэл аваачаад өгч чадахгүй байхаа.

    ReplyDelete
    Replies
    1. Butsaaj avaachij ugduggui yumaa gehed, uruul devseed shuud huleej avah ni bas buruu yum shig. Neg guigeed surchihsan hun, neg gar hureed ehelsen humuus zogsdoggui yum shig ajiglagdaad baidag

      Delete