Saturday 31 July 2021

Найзууд ( олон жилийн өмнөх тэмдэглэл )

Гучин насыг шүргэж яваа дөрвөн сайхан залуугийн хорин хоёр жилийн туршид нөхөрлөсөн үнэн ч нөхөрлөлийн тухай үлгэр домог мэт зүйлсийг сэтгэл догдлон сонсож суусан тэp өдрүүдээс хойш найман жил өнгөрч, тэдний хүлээн битүүхэн гуниглаж байсан гучин насыг угтан би алхаж явна.
 Тэд намайг төрөхөөс арван жилийн өмнө төрж, намайг төрөхөд хэдийн сургуулийн сурагч болоод хилэн дүрэмт хувцсаар ижилсэн нөхөрлөж, намайг сургуульд ороход наймдугаар ангийг төгсөж харин намайг оюутан болоход эхнээсээ өрх тусгаарлан гэрийн эзэн болоод, үрийн зулай үнэрлэж байсан ч би тэдэнтэй хамт сургуульд элсэн үсээ хусуулж, мөсөн дээр гулгаж, мөнгөөр тоглож, чулуугаар байлдаж тархиа хагалуулж гэсэн ч хашрахгүй нэгнээ өмөөрч аль нэг хорооллын атамантай гар зөрүүлчихээд хөмхий зуун өс санахгүй, гар барин эр хүн шиг салдаг байлаа. 

Айлын том голдуу эрэгтэй хүүхдүүдэд түлээ хагалж ус авах, дүү нараа харна гээд ажил мундахгүй ч бие биедээ дэм болон бүхнийг хийчхээд шөнийн одод түгэхэд анхны болзоонд гүйж айлын хаалга түжигнүүлэн, аав ээжийнх нь дуу гарахад л пир хийтэл зугтан гүйдэг зүггүй хэдий ч хэнээс айж, хэнийг хүндлэх ээ мэддэг хүмүүжилтэй хөвгүүд явсан юм. 

Хонгилдон, Брюс Лиг гарах тоолонд нь үзэж, үзээгүй нэгэндээ гэмгүйхэн давслаад хөөрхөн ярьчихдаг бас болоогүй яг л тэдэн шиг болох гэж элдэв хөдөлгөөн хийж элгээ даран эвхрэн инээлдчихээд шөнө нь зүүдлэн хонодог гэнэхэн мөрөөдөлтэй дэггүй жаалууд явлаа. 

Аавын тамхинаас хулгайлж татаад суран бүсний амтыг хэдэнтээ амсаж ганц нэг нь зогсоход, ээжгүй өссөн өнчин гэдгээрээ өөнтөглөн эцгийн дэргэд утаа савсуулан зогссон үе тэдний зариманд нь бий гэхдээ тэд буруугаа ухаарч, ааваа хүндлэхдээ тамхийг амандаа хүргэхээ байсан ухаантай найзууд. 

Үерхэл хайраар жигүүрлэн шөнийн оддыг ширтээд, хайртай түүнийхээ гараас зориггүйхэн хөтлөөд ичингүйрэн алхахдаа тэр л болзоонд бэлдэж өдөржин индүүдсэн бакалаа, гялалзан байгааг нь хараад сэтгэл тайвширч, зориг орохдоо хайртай охиныхоо хацар дээр нь сэмхэн үнсээд зүрхээ даран догдолж зогссон жаргалтай хөвгүүд. Бөмбөг өшиглөн чулуу шидэж, дэнжийн зүлгэн дээр бөх барилдсан хүүхэд нас тэртээд хоцорч, тэдэнтэй хамт анхны шөнө, анхны хайр, оюутан нас, эр цэргийн амьдрал гээд аялаагүй он цаг, дурсамж гэж нэгээхэн ч үгүй. 

... Арван естэй жаахан залуу эхнэрээ төрөхийг хүлээн эмнэлгийн гадаа чулуу няслан суухдаа тэртээ замын цаанаас дуугаа хадаан, цай хоол барьсаар ирж яваа гурван найзаа хараад баярлах бас бахархах сэтгэл төрөөд угтан гүйсэн ээ, охинтой болсноо дуулаад дөрвүүлээ баярлан, хэрхэхээ мэдэхгүй сандарч зогссон ч хэзээний том эрчүүд шиг шинэ шөл хийхээр гэрийнхээ зүг хурд мэдэн гүйлдэж явсанаа, гучиндөрвөн насандаа аав болж анхны үрээ тэврэн зогссон багын найзынхаа баярт өдөр инээлдэн дурсаж суусан юм. 

Багаасаа салаагүй үерхсэн тэд зовсон ч жаргасан ч нэгнээсээ холдоогүй үнэн ч найзууд. Хэн нэг нь сэтгэлдээ битүүхэн шаналж явааг төвөггүйхэн мэдчихээд түүндээ туслах гээд ажлаа зохицуулан цуглаж чаддаг хүн чанартай сайхан залуус. Тиймдээ ч гурав хоног хэл чимээгүй алга болсон нэгэндээ санаа зовж өдөр бүр гэрээр нь эргэлдэж, холбогдохгүй гэх утсыг нь шалгуулж, арга мухардах даа хөршийнх нь тагтаар дамжиж гэрт нь ороод бөөр нуруу нь татаад босох битгий хэл дуугарч ч чадахгүй өвчиндөө шаналан хэвтээ найзаа хараад хоолой зангируулан түргэн дуудаж зогссон уяхан бас ховорхон найзууд. 

Ийм л сайхан нөхөрлөлийг надад мэдрүүлэн уулзах бүрдээ бага нас, үерхэл нөхөрлөл, дурлал хайраа дурссаар огт төрөөгүй үед минь намайг аваачиж, тэднийг даган бүх нууцыг нь мэдэх боломж олгож, өнгөрсөн дурсамжинд нь дандаа байдаг үл үзэгдэх найзаа болгон үлдээсэн юм. 

... Ардчилал эхлэх тэр л цагаар нас биед хүрсэн тэдний амьдрал ороо бусгаа цаг үе шигээ ороо бусгаа байсан үе бий гэхдээ тэд ороолон болоогүй хүн шиг хүн, нөхөр шиг нөхөр явж дэм дэмэндээ дээш гарсан. Найман наснаасаа гучиндөрөв хүртлээ тэд дөрөвүүлээ байсан харин гучиндөрөв хүрсэн тэр жил дөрвөн сайхан найзын нэг нь холын од болоод харваад явчихсан юм. Гэхдээ тэдний сэтгэлд ч, бас миний сэтгэлд ч тэр одоог хүртэл амьдарсаар л байгаа. 

Эхнэрээ төрөхийг хүлээн чулуу няслан суулаа гээд нүдээрээ хөөрхөн инээмсэглэн ярьж суусан тэрээр дөрвөн найзаас ганцаархнаа цэрэгт явж, гурван жилийн албыг " Зүүнбаян "-гийн гэх тодотголтой цэргийн ангид нэр төртэй хаасан юм. Энэхүү бичлэгээ үнэн ч нөхөрлөж чаддаг бүх эрчүүддээ мөн сайхан найзласаар яваа гурван найзад болон тэртээ холын од болсон түүнд зориуллаа. Нүдээрээ инээмсэглэх дүрийг чинь би мартаагүй бас мартахгүй ээ....

1 comment:

  1. Дахиад унших гоё байлаа. Шинэ бичлэгийг нь тэсэн ядан хүлээе Цасхан минь.

    ReplyDelete