Friday 25 July 2014

Бөмбөгтэй сэтгэл

Бяцxан тэсрэх бөмбөг сэтгэлд хэзээ л бол хэзээ дэлбэрч тэсэрчих гээд тонтгонож, торжигносоор хэд хонов. Уг нь бол хүмүүс хавар намарт сэтгэл гутрал эсвэл гэгэлзэлийн хэлбэлзэлд ордог гэдэг харин би зуны дунд сар хавьцаа нэг тийм гутралын хэлбэлзэлд орчихоод, өөрийгөө ойлгох ойлголтоос алсран холдож явна.

Нэгэн хэвийн гэхээс илүү нэг тийм баригдмал амьдрал, өөртөө биш өрөөлд зориулах завгүй цаг хугацаанаас залхах мэдрэмж. Эсвэл хэн ч биш болоод байгаа, юу ч хийхгүй болсон өөртэйгөө эвлэрч чадахгүй ч байгаа юм уу, мэдэх бас ойлгох ч зүйл алга.

...Залуу насны эрч хүчийг мэдэрч, дэрвэгэр хормой дэрвэлзүүлэн зөвхөн ханьтайгаа хоёулханаа гадуур хөтлөлцөн гүйхсэн. Сүүдрээсээ өөр дагуул үгүй зөвхөн түүнтэйгээ л инээмсэглэн зугаалмаар, эргэлдэн бүжмээр...

Өглөө бас оройд ч өрөө өрөө хэсэн унтлагын хувцастай холхиод өөрийн дураар амьдрах сан. Хэн нэгнээс ичиж эмээлгүй бас хэн нэгнийг хүндэтгэн биеэ барилгүй, биед эвтэй хамгийн богино даашинз аа өмсөөд эсвэл хэлхийлгэж ханийнхаа цамцыг углачихаад цай хоол бэлтгэн зөвхөн түүнийхээ л өмнө эргэлдэхсэн...

Шинэхэн хосын амьдралыг маргааш биш яг одоо энэ л цаг мөчийн мэдрэмжээр мэдэрч амьдармаар. Одоо мэдрэх мэдрэмж, хормын дараахаас тэс өөр болохоор маргааш гэж өөрсдийгөө хойш тавилгүй зөвхөн өнөөдөр л бүхнийг мэдэрч хамтдаа л цагийг залуухан хос шиг өнгөрүүлмээр...

Өөр бусадтай хуваалцмааргүй цаг, мөч, хорoмууд минь.

No comments:

Post a Comment