Thursday 22 August 2013

Сургамж

Хэдэн жилийн өмнө захирал аниаг дагаж найз бүсгүйнх нь зохион байгуулсан бүжигийн хичээлд суув. Нас гэдэг зүгээр л тоо гэдгийг батлах 50 насыг хол давсан ч 40 л дөхөж яваа болов уу гэмээр харагдах цоглог аниа нар хөнгөн хөгжимийн хэмнэлд хөгжилдөн дэггүйтэх нь хөөрхөн санагдана.

Дөрвөн цаг гаруй дэггүйтсэн бид оройн хоол идэхээр ойрхон байх ресторанд захиалга өгч зарим аниа нарын нөхөр хүүхдүүд бидэнтэй тэр ресторанд уулзсанаар бүр олуулаа болсон бид нэгэн оройг тэрхүү рестораны тусгай өрөөнд тухлан өнгөрүүлсэн юм. Гэр бүлээрээ суух аниа нарын дунд захиралын хүү болох надаас хоёр насаар ах өндөр залуу зочид бүртэй дотно яриа өрнүүлэн сууна. Түүнд хүн бүр л сайн байх гэхдээ тэр олны дундаас Молли гэх хуульч аниа бүр ч сайн хандах бөгөөд залууг хажуудаа суухыг хүсээд идэж буй хоолныхоо аль амттай, шимттэй гэсэн бүхнийг түүнд өгөх нь нэг л содон. Боломж гарах бүрд Молли эгч залуугийн үсийг илэх болоод гарт нь хүрэх нь надад жаахан эвгүй харагдах ч бусад хүмүүст харин ч эвтэй байгаа мэт тэд огт тоохгүй байх. Захиралын хүү ч ийм байдалд дассан бололтой огт тоохгүй байх нь өөрөө ч дуртай мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Молли эгчийн наснаасаа хэт залуу харагдах гоо үзэсгэлэн болоод галзуу ч гэмээр араншин нь яагаад ч юм надад түүнийг өөрөөсөө дүү залуус сонирхдог нэгэн гэх бодол төрүүлж энэ бодол минь Лили эгчийн хүүгийн хурим дээр Молли аниаг найзынхаа хүү нартай бүжиглэж байхыг харсанаар улам бүр батлагдав. Надтай нэгэн ширээнд суусан зочидын дунд яриасаг хоёр хөөрхөн бүсгүй суух нь Молли эгчийн охид бөгөөд надтай нас чацуу аж. Ээж нь найзуудынхаа хөвгүүд болох биднээс ганц нэгээр ах залуустай бүжиглэж байгааг инээмсэглэн харж суугаа тэднийг хараад " Энэ гадаадууд нээрээ л күүл хүмүүс юм даа " гэх бодол төрнө.

Хурим дууссаны дараа захирал аниа намайг гэрт хүргэж өгөхөөр хөнгөн тэрэгний жолоо мушгиж явах даа миний бодлыг мэдсэн мэт " Манай Молли " гэсээр яриагаа эхлүүлэв.

Манай Молли ч сэтгэл дээ зөндөө их шаналгаатай явдаг бүсгүй дээ. Сэлли түүний төрсөн охин биш л дээ хуурай охин нь харин Эмми бол төрсөн охин нь. Чи Эммиг анзаарав уу? Их эрчүүд байгаа биз гэхдээ өмнөх өө бодвол их эмэгтэйлэг болчихоод байгаа нь энэ шүү дээ. Ахынх нь үхэл л их нөлөөлсөн байх. Молли маань хоёр хүүхэдтэй том хүү нь миний хүүтэй насаар яг чацуу сайхан хүү байсан юм харамсалтай нь гурван жилийн өмнө өнгөрчихсөн. Хүүгийнхээ үхэлд өөрийгөө бутуутгадаг л байх гэхдээ бидэнд бол тэр талаар хэлэхгүй л дээ.

Моллигын хүү Нью-Йорк хотод ахлах сургууль болон коллежи төгссөн юм харин их сургуулиа дундаас нь хаячихаад хэдэн жил энд тэндгүй зугаалж байгаад сүүлдээ Шанхайд очиж амьдрахад нь манай хүү тэнд найзын маань компанид дадлага хийж таараад би тэднийг танилцуулсан юм. Хэсэгхэн хугацаанд ч гэлээ тэд сайн найзууд болцгоож, оров ч гарав ч хамтдаа байснаар хүү минь Гэрриг ижил хүйстэн болохыг нь бүр түүний найзууд хар тамхи хэрэглэдэг танхай залуус байдаг бөгөөд Гэрригийн найз охин гэх онгоцны үйлчлэгч Энэтхэг залуу байдаг тухай бүгдийг нь надад хэлээд түүнтэй дахиж уулзаж, дотно найзууд баймааргүй байгаагаа дуулгав. Учир нь би хүүгээ болж л өгвөл найз нөхдийнхөө хүүхдүүдтэй ойр дотно байлгах гэсэндээ байнга тэдний тухай асууж, юу хийсэн хаагуур явсаныг нь шалгаадаг байлаа.

Тийм зүйл сонссон би чимээгүй байж чадалгүй Моллид хэллээ, мэдээж үр хүүхдийнх нь тухай таагүй зүйл ээж хүнд хэлнэ гэдэг хэцүү ч хүүгээ эртхэн засаж аваасай гэсэндээ би зориглон түүнрүү утасдсан юм. Молли юу ч хэлэлгүй утсаа тасалчихсан, би түүнээс ямар нэг үг сонсох гэж ч хүсээгүй болохоор дахин түүн лүү залгаж төвөг удсангүй. Хамгийн таагүй мэдээг хамгийн сайн найздаа хэлэх нь амаргүй л байлаа, гэхдээ тэр нэгэн хүүг зөв амьдралд оруулахын тулд тэр байтугай зүйлийг хийхэд би бэлэн байсан юм.

Молли Шанхай явж хүүгээ авчираад удалгүй Малайзын нийслэл рүү эмнэлэгт хэвтүүлэхээр явуулж, өөрөө ч тэнд хүүтэйгээ нэг хэсэг хамт байв. Яагаад хүүгээ Сингад биш Малайзад эмчлүүлж байгаа талаар найзууд байнга л асууж, ганц хүүдээ хямдыг нь бодож тэнд эмнэлэг сонгосонд нь дургүйцацгаана. Удалгүй Гэрри нас барж, түүнийг Малайзад оршуулах шийдвэр гаргахад Моллиг ойлгохгүй хүмүүс бүр ихээр олширов. Би харин дуугүй л байсаар, хүүгээ ч хэнд ч юу ч хэлэхгүй байхыг хатуу сануулав, мэдэхгүй хүмүүс мэдэхгүй байснаараа л дууссан нь дээр шүү дээ.

Хүүгийнхээ үхлийн талаар тэр хэнд ч ам нээхгүй хэвээрээ, түүнээс асууж чадах бөх зүрхтэн ч үгүй. Эмми эршүүд зангаа гээж, эмэгтэйлэг хувцас өмсөж эхлэх нь ахынхаа үхэлээс сургамж авч ээжийгээ илүү ойлгох болсоныг илтгэнэ. Нэг өдөр Молли надтай ганцаарчилж уулзахыг хүссэнээр би тэднийд үйлчлэгчийг нь амарсан өдөр очлоо. Хөөрхий сэтгэл санаагаар унаад улам ихээр турчихсан тэр хүүгээ ДОX өвчинөөр өнгөрсөн гэдгийг хэлээд тийм өвчинтэй хүүгээ Сингад эмчлүүлж болох байсан ч охиноо болоод гэр бүлийнхээ нэр төрийг бодох доо Малайз уруу эмчилгээнд явуулсанаа ч хэлэв. Түүнд гунигтай хэдий ч хэрэгтэй цагт хэрэгтэй зүйлийг хэлсэнээр хэсэг ч гэсэн хүүтэйгээ байх боломж олгосон гээд Молли надад үнэн сэтгэлээсээ баярладаг гэх. Харин би үрийнх нь тухай тийм таагүй мэдээг ээж хүнд дуулгах хувьтай даа өөртөө жаахан харуусдаг л юм. Амьдрал гэдэг...

Молли маань найзуудынхаа хүү нарт их сайн бодвол хүүдээ зориулж чадаагүй бүхнээ, хүүтэйгээ хийж чадаагүй бүхнээ нөхөх гээд л уулзах боломж гарах бүрд биднээс илүүтэй тэднийг халамжилж анхаардаг байх. Эх хүнд үр хүүхдээсээ хагацах шиг шаналал гэж юу байхав дээ.

Бид нар охин хүүхэд дээ л анхаарал тавьдагаас хөвгүүдэд ердөө ч анхаардаггүй нь маш буруу гэж Молли байнга хэлдэг юм, хүүгийнхээ тийм замд орсонд нь өөрийгөө буруутгадаг байх л даа хөөрхий. Гэхдээ бодоод үзэхэд энэ нийгэмд охин, хүү гэлтгүй л анхаарал тавьж, амьдралын эмзэг нарийн холбооны талаар заавал ярилцах нь зөв гэж санагдана. Та нар шиг залуу охид заавал мэдэж, үүр хүүхэдтэйгээ нээлттэй байх харилцаанд өөрсдийгөө бэлтгэж байх нь илүүдэхгүй л байх гэсээр захирал яриагаа дуусгав.

Молли эгчийн тухай бусармаг муухай бодол тээж явсан өөртөө дургүй хүрнэ. Аливаа зүйлийн цаана шалтгаан бий гэдгийг олонтаа унших аталаа амьдрал дээр яаран дүгнэлт хийж, нүгэлт бодлоор тархиа гашилгах гэж яардагтаа ч ой гутна. Бусармаг бодолыг минь мэдээгүй байсан ч сэтгэлдээ би Молли эгчээс уучлал хүслээ. Бусдын үрээр өөрийн сэтгэлийн хагацалыг дэвтээж үрээ харуулддаг гунигт ээж нарын нэг нь л тэр байж шүү дээ.

Энэ явдал надад цаад шалтгааныг нь мэдээгүй байж бусдын үйлдэл, үгнээс яаран дүгнэлт хийж таагүй бодолын үрийг сэтгэлдээ суулгахгүй байхад сургасан юм, гэхдээ одоо ч би бас суралцсаар л явна.

4 comments:

  1. хммм.. юм болгон шалтгаантай байдаг.. ойрд энэ талаар их боддог болсон, хүмүүс шалтгааныг нь сонирхдоггүй юм шиг

    ReplyDelete
  2. тийм шүү, жаахан охид байхад хэн нэгний тухай их өнгөц боддог, дараа нь тэр хичнээн мундаг гоё эгч болохыг нь мэдэрчихээд өөрөөсөө ичих шиг болдог байж билээ. Тэгсээр тэгсээр би харин овоо яаран дүгнэх гээд байхаа больсон шиг байна лээ.

    ReplyDelete
  3. Тиймээ харсанаараа хүнийг дүгнэх учир дутагдалтай. Гэхдээ бид энэ зуршилаас салж чаддаггүй л юм шиг байгаан. Сургамжтай түүх байна.

    ReplyDelete
  4. БМР-д Тийм ээ хүмүүс шалтгааныг нь сонирхохгүй над шиг дэмий бодолоор тархиа дүүргэж явах нь их :(

    Бэнтэл Би-д Сайн байна, яаран дүгнэлт хийхгүй байна гэдэг бас л сайхан чанар, би тийм болох юмсан, гэхдээ хамгийн түрүүнд дэмий бодол дүгнэлт орж ирэх нь элбэг юм даа.

    Номинговь-д Харин тийм ээ, би бас салж чадаагүй, салах гэж хичээж л явна.

    ReplyDelete