Wednesday 21 August 2013

Юм гэдэг...

Гурван долоо хоногийн өмнө Бээжинд байрлах Америкын элчин сайдын яамны цахим хуудсанд виз хүсэж маягт бөглөөд 8 сарын 21-ны 10:30-д ярилцлаганд орохоор цаг авлаа, тэр өдөр нь өнөөдөр, ярилцлагын цаг хэдийн өнгөрсөн.

Өчигдөр:

Элчин сайдын яамнаас илгээсэн ярилцлаганд орох газар, цагийг баримтжуулсан файлыг цаасан дээр хувилж аваад бичиг цаасны ажил жигдэрсэн тул гадаад байдал даа анхаарч гуа сайханд нэлээдгүй цагийг зарцуулж цаашлан оройн хоол, угаалга цэвэрлэгээ бас болоогүй цуврал киног хэдэн ангиар нь бөөндөж үзсээр давсанд явах сайхан цаг ирэхэд маргааш буюу өнөөдрийн тухай гэнэтхэн бодож " өөр ямар ч бичиг баримт хэрэггүй гэж үү? " гэж гайхсаар Гүүглэ ахаас асуувал элчингээс илгээсэн файлаас гадна:
 
   - Банкны хуулга
   - Ажлын газрын тодорхойлолт
   - Аялалын төлөвлөгөө
   - Цагдаагийн газрын тодорхойлолт
   - 1% цээж зураг гэх нийт таван зүйлсийг авч очих хэрэгтэйг мэдэв.

Шөнө дунд хаа байсан Монгол, Сингапурт байгаа банкнаас хуулга авах битгий хэл, зурагчинд очиж 1% зураг авахуулна гэдэгч бүтэшгүй зүйл, ёстой л толгой руугаа дэлсэж баймаар хэнэггүй хог. Ядаж ярилцлаганы цагийг өмнө нь нэг удаа хойшлуулчихсан дээр нь шөнө дунд өнгөрөөд хэдийн 21-н гэх шинэ өдөр эхэлчихсэн тул энэ удаад уулзалтын цагийг өөрчлөх ямар ч боломжгүй.

Интэрнэт банкинд холбогдож дансанд байгаа үлдэгдэлийг цаасан дээр хуулж гаргалаа, оргүйгээс  л дээр юм гэж бодов ч тэр үлдэгдэлийг үнэн гэж батлах улаан тамга, гарын үсэг юу ч үгүй зүгээр л нэг хэвлэмэл тоонууд.

Гуравдагч улсын иргэн тул цагдаагийн газрын тодорхойлолтыг эндээс авах хэрэггүй гэж үзэв.( хэрэгтэй байсан ч одоо өнгөрсөн ) Аялалын төлөвлөгөөг 03 цаг хүртэл бичсээр арай гэж дуусгалаа. Хэдэн жилийн өмнө авахуулсан цээж зурагнаас хоёрыг сонгов, харамсалтай нь элчин сайдын яамнаас тавьж буй шаардлагад огтоос нийцэхгүй хэмжээтэй аж.

Сингапурчууд дэлхийн ихэнх оронд визгүй зорчих эрхтэй тул хөөрхий нөхөрт виз хүснэ гэдэг нь огт танихгүй сэдэв учир энэ талаар таг байх нь аргагүй харин би, мэдэмхийрч хүмүүст зөвлөгөө өгнө, тэрийгээ бэлд энийгээ бэлд, цагийг нь тулгаж битгий хий гээд л зааварлаад байдаг их мэдэгч аталаа өөрийн байгаа царай нь үнэн дүндүүк, нойль амьтан :(

Шөнөжин бэлтгэсэн материал нэртэй хэдэн цаасаа гэрлэлтийн батлахтайгаа хавсарган элчингийн зүг нөхөрт хөтлүүлээд гарав. Замдаа нөхөр мэдээж надад сургааль айлдаастай, би үнэн голоосоо гэмшээстэй ч дотроо бол өөрийгөө бас өмөөрөөстэй. ( хэлээ гаргав )

Хүн ихтэй хэдий ч оочерын дарааллаар явах тул үйлчилгээ хурдан бөгөөд шуурхай ажээ. Эхний цонхон дээр паспортоо өгч нэрээ бүртгүүлээд дараагийн цонхон дээр хоёр гарын арван хурууны хээгээ дурсгаад сүүлчийн цонхон дээр ярилцлага өгөхөөр инээмсэглэн очлоо.

Эелдэг зантай Америк бүсгүй паспорт аваад надаас ердөө гуравхан асуулт асуув :

  1. Америкт зорчих шалтгаан?
  2. Нөхөртэйгөө хаана танилцсан ?
  3. Америкт хэд хонох ?

Товчхон хэлэх хариултыг минь найрсагаар инээмсэглэн сонссон бүсгүй:

- Таны визны хүсэлтийг хүлээн авлаа, та 3 хоногийн дараа паспорт оо визны хамт маягт бөглөхдөө сонгосон банкны салбар дээрээсээ аваарай баярлалаа, баяртай.

Юу? Ингээд л боллоо гэж үү? Ийм амархан гэж үү? Өнөөх шөнөжин сууж бичсэн зүйлс, тамгагүй ч гэсэн дансны үлдэгдэл, жижигхэн ч гэсэн цээж зураг энэ бүхний алийг нь ч үзэх бас авах хэрэггүй гэж үү? Баярлах сэтгэл, тайвширах тархинаас асуултын тэмдэгүүд өнгө өнгийн бөмбөлөг шиг дээш хөөрөн агаарт замхарна.


7 comments:

  1. хэхэхэ,, ашгүй дээ, цаанаасаа бичиг баримт гээгүй болхоор хэрэггүй байж л дээ..
    тэр хэлээ гаргадаг хэсэг хөөрхөөннн ккк

    ReplyDelete
  2. Хэхэ нээрээ ямартаа ч авсан бол болоо шд тээ. Виз гарахаар нээрээ их баярладаг юм билээ шүү, сансарт нисэх виз авчихсан юм шиг хахаха.

    ReplyDelete
  3. Юм гэдэг учиртай. Заримдаа нэхсэн шаардсан бүх юм нь байгаад байхад бүтдэггүй шүү дээ. Сайхан аялаарай!

    ReplyDelete
  4. БМР-д Харин ёстой, ашгүй азны коля л боллоо шүү :) Уг нь элчингын сайт дээр нь яг миний анкет бөглөсөний доор хавсаргах материал гээд байсан юм билээ, би тэрийг нь ерөөсөө тоож хараагүй, уншаагүй байсан байгаа юм даа үнэн дүндүүк ээ. Хэлээ гаргахаар хөөрхөн харагдаж байгаа бол дандаа хэлээ гаргаж явна аа гэсэн.ккк

    Номинговь-д Визтэй болоод бөөн баяр л байна, дараагийн удаа сансарт нисэх виз хүсээд үзнэ ээ гэхгүй юу :)

    Пиглэт-д Харин тийм ээ над шиг ямар ч бичиг баримт ёс журамын дагуу бүрдүүлээгүй, зөвхөн анкет л бөгөлөөд виз авчихдаг бол амар л юм гэтэл баахан бичиг баримт бүрдүүлж, баахан хүнд мөнгө төлөөд бүх юм нь жин тан байгаа мөртлөө л хүмүүсийн виз гардаггүй буцаагддаг шүү дээ, юм гэдэг үнэхээр сонин бас учир жанцантай байх юм аа.

    ReplyDelete
  5. хэхэ,, нээрээ сансарт нисэх хүмүүсийг бүртгэнэ гсн гээ биздээ.. тэгээд шууд тэндээ амьдарна наашаа холбоо барьж чадахгүй гэхээр нь би хардаад байгаам, хүмүүсийг авч явж юуны туршилтанд оруулах гэж байгаа бол гээд :р

    ReplyDelete
  6. Ugaasaa mongoloos viz huseheer l changalaad bdag bolohoos gadaadaas huseheer barimt dutuu bsan ch ugdiin bnalee. Manai egch Mongold bhdaa US viz huseed buteegui, tegeed Japand ochood Tokyo dah US embassy-s viz meduulsen chini barimt ni dutuu baihad l ugchij bna gesen.

    ReplyDelete
  7. БМР-д Тийм үү, би ерөөсөө сонсоогүй юм байна, хоцрогдмол хөөн гэж... Холбоо барьж болохгүй гэвэл эргэлзээтэй л юм тээ, ер нь тэгээд юу ч байхгүй сансарт амьдарч яахав дээ.

    Анон-д Харин тийм юм шиг байна лээ, би эндээс Солонгосын визыг ч бас их амархан авч байсан гэхдээ Америкын визийг бодвол банкны баталгаа, ажлын газрын тодорхойлолт гээд бүx материалаа бүрдүүлж өгч байсан. Гадаадад гуравдагч орны иргэн тухайн улсын визийг хүсэх тохиолдол цөөхөн болохоор нэг их шалгаж шүүгээд байдаггүй байх л гэж бид боддог юм.

    ReplyDelete