Tuesday 30 July 2013

Сэтгэл гоёсон тэр минь

Цаг нь болжээ гэх бодол толгойд бус сэтгэлд мэдрэгдэхэд " Чиний тухай удахгүй би блогтоо бичнэ ээ " гэж түүнд хэллээ. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан тэр минь " Хэзээ өнөөдөр уу? " гэж асуунгаа бас болоогүй ээ " Миний зургийг тавих юм уу " гэж хөөрцөглөнө.

Надтай танилцсан цагаасаа л намайг цахим ертөнцөд тэмдэглэл бичдэгийг мэддэг, мэдсэн цагаасаа л хэрэгтэй хэрэггүй зүйлс бичдэгийг минь дэмжсээр ирсэн хүн нь тэр. Гэхдээ тэр хэзээ ч миний блог ертөнц дэхь тэмдэглэл, дурсамжийг уншиж санаа оноогоо хуваалцаж байсангүй. Уг нь бол унших их хүсэлтэй л дээ, даанч уншиж чадахгүйн зовлонтой.

Шинэ бичлэг нийтлэсэн гээд хэлчихвэл юуны тухай бичсэнийг минь яриулчихдаг дархан эрхтэй түүнтэйгээ 2009 онд анх танилцаж байлаа. Дөрвөн жилийн турш чухам яагаад түүнийхээ тухай нэг үг ч эндээ бичээгүйгээ өөрөө ч хааяа гайхдаг юм. Зүй нь бол энд л би түүнийхээ тухай сэтгэлийн хоолойгоо сөөтөл хүүрнэж, энд л би түүнийгээ анхлан та нарт танилцуулах учиртай. Гэвч би тэгсэнгүй ээ илчлэх бус бүр далдалж, яг л сувдаа нуудаг хясаа шиг дөрвөн жилийн турш түүнийгээ нуулаа.

Магадгүй амьдралын минь " Нандин эрдэнэ " болох байсан болоод л тэгтэл ихээр түүнийгээ би нуусан ч байж мэдэх юм. Эсвэл ердөө л цагийн юм цагтаа л бичигдэх учиртай байсан ч байж болох. Ямар ч учиртай бас ямар ч учиргүй байсан байлаа яг одоо би түүнийгээ танилцуулахаар оршилдож сууна.

Өөрийнх нь тухай бичихийг шалгааж надаас гуйхгүй ч сэтгэлдээ бол битүүхэн хүлээсээр дөрвөн жилийг үдэж буй түүнийхээ тэвчээрт сэтгэл бас намайг ойлгох ухаанд нь баярлана. Ийм л сэтгэлтэй, тийм л тэвчээртэй болохоороо тэр намайг эхнэрээ болгож чадсан биз ээ.

Тиймээ, дөрвөн жил найзлаж сэтгэлийн дулааныг нь мэдэрсэн түүнийхээ албан ёсны эхнэр нь болоод хасаг жилийг үдэж. Амьдрал минь аз жаргалтай, адал явдалтай бас үүрэг хариуцлага нэмэгдээд өрнөн баяжиж л явна үүх түүхээр.

Гадаад эртэй суухыг таашаадаггүй нэгэнд нь миний сонголт, миний гэрлэлт ичгүүртэй дуулдаж, эгдүү бухимдал аль алийг нь хөдөлгөж мэдэх л юм. Өнгө мөнгөнд шунаад өөрийгөө худалдсан гэж гоочлохоосоо өмнө, хүн хүнд оногдсон хувь тавилан байдаг гэдгийг эрэгцүүлэн нэг бодож үзээд, үгээр ороолгохоо түр азнаарай гэж хүсье.

Сонгосон сонголт минь хэтэвч зузаантай гадаад эрийн хүслэн болсоор эрж хайж, эргүүлдэж олсон олз бус хувь заяаны минь учрал төөрөг байсныг хүндэтгэн ойлгоорой. Монгол залууг голсондоо бус, Монгол нутагаас зугатсандаа биш өөрт оногдсон хувь заяаны эзэн нь болж, амьдрах ёстой замаараа л явна.

Яг над шиг заяа тавилангын төөрөгөөр харийн бэр болсон мянган мянган бүсгүй байдгийг бодолцож бас уужраарай...

Зөвхөн Монгол залуутайгаа л сууна гэж зөндөө ч их хүссэн сэн, ярьсан сан, бичсэн сэн харин хувь заяа зүс нь өөрч зүрх нь Монголд элэгтэй түүнийг минь надад өгсөөн. Надаас дутуугүй Монгол явах гэж яардаг, надаас илүүтэй Монголын түүх мэддэг, надаас дээр сүүтэй цай чаначихдаг, чанасан цайгаараа ирсэн зочин оо цайлчихдаг сэтгэл нь цагаахан түүгээрээ нэг насаараа гоёж явах даа би харамсахгүй ээ.

...Эхнэр бөгөөд эзэнтэй гэдгийг минь гэрчлэх энгийн хийцтэй нандин бөгж зүүн гарын минь ядам хуруунд зүүсгэл гоёлын дээд болон энгийн аталаа эрхэмсэгээр гэрэлтдэг шиг зүрхний гэгээ хань минь зүүлгэж өгсөн бөгж шигээ энгийн хэрнээ энхрийхэн нэгэн өөрийнх нь тухай нууцыг дэлгэсэн энэхүү бичлэг нийтлэгдэхийг хүлээн энд хажууд минь инээмсэглэн сууна.
Зургийг нэрийг нь мартсан сэтгүүлээс

11 comments:

  1. Бусдын хэл амнаас айх юу байхав, тэд биш чи ханилсан, тэдний биш чиний сонголт юм чинь. Аз жаргал хүсье!!!

    ReplyDelete
  2. Az jargal husye. Chinii blogiig bainga unshij baharhadag shuu. Tanihgui egch

    ReplyDelete
  3. Пиглэт-д Баярлалаа, тийм дээ би л өөрөө сонгосон, миний л амьдрал болохоор өмнө минь хүлээн байгаа бүхнийг түүнийхээ гарт чанга хөтлүүлсээр эцсийн өдөр хүртэл ээ туулаад л өнгөрүүлэх болно оо.

    Танихгүй эгч-д Сэтгэлийн минь орон зайд цаг заваа зориулан саатдагт танд үнэхээр их баярлалаа.

    ReplyDelete
  4. яасан гоёын хүнтэй гэрлээ юу, баяр хүргэе, аз жаргалтай амьдраарай

    ReplyDelete
  5. Omg gehdee baharhaj. Hania magtuulj. Eh ornihoo zuni udesh nuur bardam hotloltsoj chadahgui ni dee . Gehdee az jargal husie

    ReplyDelete
  6. yamar goe bichdegiin, haanaas ch iim goe uran tsetsen holboosuud garch irdegiin, bayar hurgey, az jargaltai, onor otgon ail ger bolooroi

    ReplyDelete
  7. Гоё бичсэн байна. Яагаад ч юм чамайг ойлгохын дээдээр ойлгож байна. Харийн хүнийг сонгох нь зөвхөн өнгө мөнгөнийх биш, жинхэнэ хайр сэтгэл, хувь заяаных байдаг гэдгийг ойлгож мэддэг хүмүүсийн нэг байнаа. Хуримын бичлэг сонирхоод байсан нь ийм учиртай байсан юм бий вий. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    ReplyDelete
  8. өө баяр хүргэе. аегүү нандигнаад хүн тийм юмаа бичидгүйм билээ, ккк.. би бас бичээгүэ, эцэст нь хүний амьдрал бусдад ямар хамаатайн, өөрийн амьдралыг хүн бусдын оролцоогүй авч явдагаас хойш бусдын хэрэггүй дэмий муу хошууг дутаах нь зөв

    ReplyDelete
  9. Бэнтэл Би-д Баярлалаа, тийм ээ хүнтэй гэрэлсэн :)

    Анон-д Өөрөө өөрийнхөө орон зайд, дэлхий гэдэг томоос том цэцэрлэгт хүрээлэнгийн сайн муу сайхан муухайн өмнө түүнийгээ хүндэтгэж, түүгээрээ бахархаж сайн хань нь байна аа гэж бодож байна. Танд баярлалаа ;)

    Чуупс-д Зүрх сэтгэлээс гарсан үг болохоор уран санагдсан байх л даа. Зөндөө их магтаад, зөндөө сайхан ерөөл үлдээгээд гарсан баярлалаа.

    Номинговь-д Сэтгэлд дулаахан үг үлдээсэнд баярлалаа. Тийм ээ хурим найрын ажилд бэлтгэх болоод чиний бичлэгүүдийг хүлээж байж, чамтай хамт догдолж байж уншсан шүү :)

    Нана-д Харин тийм, нандин зүйлээ ёстой хав дардаг юм байна лээ, дөрвөн жил хав дараад арай л гэж ил гаргалаа :-Р Өөрийн амьдралыг хүн бусдын оролцоогүй авч явдаг гэж үнэхээр үнэн шүү :)
    Сайхан бүр бүлийн хөөрхөн гэргий болсонд нь баяр хүргэе ээ! Охиныг чинь зүүдэн дээ харчихсан шүү. ккк

    ReplyDelete
  10. Blogiig chin bainga unshdag shuu. Banjig haagdsan n haramsaltai. End bichdegiig medeegui bailaa. Ene bichlegiig tani bi hed dahin unshsan. Yag l uuriinhuu tuhai unshij baigaa met sanagdsan. Ta 2-t az jargal husie. Urgeljluulen bicheed baigaarai

    ReplyDelete
    Replies
    1. Сэтгэлийн минь ертөнцөд хамт байдаг танд маш их баярлалаа. Банжиг маань байхгүй бол та эндээс намайг олж болно шүү:)

      Delete