Sunday 28 July 2013

Зөөгч байлаа би

Ажлаас гараад гэртээ сууж байгаа сургыг минь сонссон хуучин захирал " Хэрэв чи голохгүй бол, хэзээ ч манайд ирж ажиллаж болно шүү " гэх энгийн хэрнээ их зүйл бодогдуулсан зурвас илгээсэн нь хэдхэн хоногийн өмнө.

Би тэнд зөөгч хийж ёстой л нарнаас сарны хооронд ажилладаг байлаа. Унтмаар санагдавч нойрыг би биш дэг журамтай ажлын цаг л удирдана. Хориод насны дунд үеийн минь амьдрал гадаа гэрийн аль нэгтээ бус Солонгос рестораны цэлгэр тэр зааланд нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн сэн. Гэртээ бүтэн өдөржин байх хугацаа долоо хоногт ганцxан олддог байсан болоод ч тэрүү, одоо би зав гарах бүрд өөрийн дураар гэртээ л байх дуртай.

Гадаад оронд зөөгчийн ажлаас эхлэсэн эхлэл минь зөвдсөнөөс буруудаагүй л юм. Хэгжүүн зариманд нь би гадаад оронд боолчлогдож яваа хөөрхий нэгэн харин уужуу нэгэнд нь өөрийн хөдөлмөрөөр амьдралаа босгож яваа хэрсүү нэгэн санагддаг байсан биз. Хүн хүнд өөрийн амьдралын замнал гэж байдаг бол туулаад өнгөрүүлсэн өчигдөр минь, туулж яваа өнөөдөр минь, туулах ёстой маргааш минь миний л амьдралын замнал.

Өнөөдрийн намайг энд суулгахын тулд, өнөөдрийн хэрэглэж байгаа бүхнийг минь минийх болгохын тулд хориодхон настай тэр бүсгүйг бага гэж гололгүй " зөөгч " гэх тэр ажил боломж бүхний эхлэл болсонд баярладаг юм. Тиймдээ ч би өнөөдөр зөөгч хүнийг үйлчлэгч гэдгээр бус хүн гэдэгээр нь хүндэтгэж харьцахыг эрхэмлэдэг. Зөөгч хийж яваа нэг годгор охин эсвэл хүүгийн цаана хэдэн ч хүний амьдрал, хувь заяа зөвхөн түүнээс, түүний олж байгаа орлогоос хамаарагдан явааг бидний хэн ч мэдэхгүй.

Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй гэдэг. Хүнд үйлчилж хоол зөөнө гэдэг бас ч тийм хялбархан ажил биш ээ, мэдээж л тэнд асуудал бэрхшээл үүснэ. Гэхдээ хүнд тухайн ажлыг гэх үнэн сэтгэл байгаа цагт, уул шиг том асуудал ч эв зүйгээр зохицуулагдаж болдогоос гадна, зөөгч хүний харьцаа, зочныг хүндэтгэх хүндлэл, эелдэг найрсаг байдал нь амтгүй хоолыг ч амттай болгон мэдрүүлэх чадвартай байдаг юм. Хөөрхөн инээмсэглээд, зочныг чин сэтгэлээсээ хүндэтгэж байгаа нэгний өмнөөс хэрийн хүн хөмсөг зангидаад байж чаддаггүйг зөөгч хийж явсан тэр үедээ л мэдэрч билээ...

Амьдрах орчинг дагаад уулзах хүмүүс өөрчлөгдсөн ч би тэднээс зөөгч хийж явсан хуучны үеэ нуудаггүй ээ. Учрах олны дунд зөөгч байсан өчигдрөөр минь битүүхэн намайг даапаалж, үгээр билүүдэх нэг нь ч таардаг л юм, гэлээ гээд би өнгөрсөнөөсөө ичиж, өмнө нь бөхөлзөхийг эсвэл үг сөргөн маргахын аль алийг ч хүсдэггүй. Учир нь би жижигхэн сэтгэлтэй хүмүүсийг дагаж сэтгэлийн талбайгаа багасгах нь тэнэг хэрэг гэж үздэг. Тэгээд ч тэдэнд шоглогдох өчигдөр минь, миний л хувьд хүндлэлийн индэрт залагдаж байвал болох нь тэр.

Би зөөгч байсан үеэсээ ичдэггүй шиг, зөөгч хийж байсан тэр газраа ч голдоггүй. Өгсөх шатны минь бат бэх суурь болсон өгөөжтэй, үр шимтэй тэр газрыг, тэр хүмүүсийг мартах нь эсвэл ичиж тэднээс нүүр буруулах нь хүн чанаргүй хэрэг юм. Ичиж голсондоо бус өнөөдөр гэх энэ цаг үед өөрт минь оногдсон ажил, хийх ёстой зүйлс байгаа тул өнгөрсөн бүхнийг хадгалан байгаа тэр байшинд буцаж очих арай л боломжгүй. Яг л би өчигдөр тэнд байж, тэр ажлыг хийж байсан шиг өнөөдөр ч бас би энд байж энэ бүхнийг хийх ёстой харин маргааш би өнөөдөртөө, өнөөдрийн энэ бүх үр өгөөжид талархах ёстойм.

Маргааш өөрийгөө гээхгүйн тулд өчигдөр хэн байсан аа өнөөдөр би мартахгүй ээ.
Зургийг зурсан Гүүглэ ах :)

6 comments:

  1. ажил хөдөлмөрийнхөө гарааг
    - цэвэрлэгч
    - гаид
    - зөөгч
    гэх мэтээр эхэлжийсийм байна.

    сайхан л ажлууд

    хундага

    ReplyDelete
  2. zuv bodoltoi shuu, ajil goldog hun zunduu bna shuu dee.

    neeree banjigiig chin bnga unshdag shuu, setgegdel bichih geheer neg l dasch uguhgui bsn yum. end harin uldeej bnaa, ingeed 2uland ni oruulchihaj bgaarai ho, :)

    ReplyDelete
  3. Хундага-д Тань шиг мундаг бүсгүй ийм ажлуудаас гараагаа эхэлж байсан гэж бодохоор хүндлэмээр санагдаж байна шүү, яршиг таны машааныг үнэгүйгээр таньтай хамтраад би угаалцаад өгье гэсэн.ккк

    Бямбаа эгч-д Зөв хүмүүсээс зөвийг нь өөрийн хэмжээнд сурсаар л явна ;) Бичсэн зүйлсийг минь цаг заваа зориулан уншаад л явдагт чинь үнэхээр их баярлаж байна аа. Танайд ч би сэтгэгдэл үлдээлгүй олон л зочилдог шүү :-Р

    ReplyDelete
  4. Гадаадад сурч байхдаа зөөгч, цэвэрлэгч, сонин түгээгч, жимс түүгч гээл янз янзын л ажил хийж явлаа. Ажил хийж, аав ээжийгээ зовоолгүй амьдрах зардалаа олж байсандаа өөрөөрөө харин ч бахархдаг.

    ReplyDelete
  5. Номинговь-д Тэр ажлуудаас өөрийн болгож авсан чамбай, төлөвлөгөөг сайн гаргаж, мэдээлэлийг цуглуулж чаддаг чадвараар чинь үнэхээр бахархдаг шүү ;)

    ReplyDelete
  6. "Жижигхэн сэтгэлтэй хүмүүсийг дагаж сэтгэлийн талбайгаа багасгах нь тэнэг хэрэг" афоризм болгочихоор үг байна шүү кккк хааяа өөрөө хэлснээ ч мартчихсан үнэн үнэн цод цод хэлсэн үгнүүдээ эргэн дурсах хичнээн сайхан байдаг билээ дээ, дурсамжийг нь сэргээгээдхэе бас үгийг нь хуулбарлалаа шүү :-)

    ReplyDelete