Thursday 4 April 2013

Хэнд ч хэлээгүй нууц

Таван жилийн өмнөх намрын нэгэн зэвэргэн өглөө нисэхийн гэр хорооллыг зүглэн их үдийн алдад гэрээсээ би гарлаа.

Солонгос яваад сар гаруй болж буй нөхрийнхөө араас явах гэж танил тал, найз нөхдөөс гадна лам хуварга, мэргэн түргэн, бөө удган гээд намайг явахад нөлөөлж чадах бүхэнтэй л уулзаж явсан үе. Хичнээн ч мэргэн түргэний хаалга татсан юм мэдэхгүй, тэр өдөр ч бас тийм л нэг мэрэгч бөөдийтэй уулзахаар гарсан хэрэг.

Би чинь хүн амьтан тосох, гаргаж өгөхөөс өөрөөр нисэх гэдэг газарт очиж үзээгүй хүн тул өнөөх мэргэн бөөдийнхөө гэрийг таксины жолоочийн тусламжаар гэр хорооллын тахир, нарийн гудамжаар хэдэнтээ төөрч будлиж явсаар арай гэж олж очив.

Сүүлдэж очсон би өвлийн байшингийн үүдний амбаарт оочерын дарааллаар тойрон суугаа хүмүүсийн хамгийн адагт чимээгүйхэн суулаа. Хүмүүс ихэнхдээ хоёул ханьсаж яваа бололтой хажууд суугаа нэгэнтэйгээ шивнэлдэн ярилцана. Хэсэг чимээгүй суусны эцэгт миний хойно ахимаг насны эхнэр, нөхөр ирж сууснаар нам гүмийг эвдэн бидний дунд мэргэн бөөдийн авъяас билэг хэдэн хүнийг эдгэрүүлж, хичнээн хүнийг архи дарснаас гаргасан талаар дуусашгүй яриа эхэлсэн юм. Дүмбийж чимээгүй сууснаас тэр мэт дэгсдүүхэн яриа сонсож суух нь ядаж л цаг хурдан өнгөрүүлэхэд нэмэртэй аж.

Бие биеэ хэзээний таних мэт ярилцах настай голдуу хүмүүсийн дунд арай залуухан нь болоод чимээ багатай нь миний өмнө гурван хүний урд суугаа шар залуу бид хоёр л байлаа. Харахад даруухан тэр залуу ганцаар яваа бололтой үе үе утсаараа оролдож, настангуудын яриад ганц нэг үг нэмэхээс өөрөөр дуугарахгүй. Харин тэр боломж гарах бүрд надтай ганц нэг үг солих гэж оролдох буюу настангууд надаас юм асуух бүрт миний хариулахыг сонсох гэж анхаарлаа хандуулах нь илхэн.

Оочерын дарааллаар шинэхэн танилууд дотогш нэвтэрч, хоосрох суудлын тоолонгоор бид урагш ахин мэргэн бөөдийтэй уулзахад алхамаар дөхнө. Нэг нь явж, нөгөө нь ахисаар гурван цаг гаруй суусны эцэст өнөөх шар залуугийн ээлж ирэв. Өмнөх хүмүүсийг бодвол өнөөх залуу их л хурдан гарч ирлээ, бодвол залуу хүн болохоор учиргүй ухаж төнхөж лавлаагүй эсвэл асуугаад байх ч сүртэй зүйл байгаагүй биз дээ гэж надаас хойно суугаа эмэгтэй голдуу хүмүүс ярилцах аж. Удаан суугаад залхах, ядрах зэрэгцсэн надад суудал минь хурдан ахиж буй нь л сайхан санагдана. Ингээд шар залуу явснаас бараг цагийн дараа миний ээлж ирэв. Хүссэн зүйлээ асууж, хэрэгтэй хариугаа сонсоод, судсаа бариулж ганц нэг тан аваад, засал хийлгэх өдрөө товлоод мэргэн бөөдийн гэрээс гарлаа.

Хэрхэн, хаанаас унаа олж гэртээ харих талаар бодон гудамж уруудан явтал суудлын жижигхэн цагаан тэрэг хажууд ирж зогссон нь өнөөх шар залуу байв. Онгорхой цонхны цаанаас " гэр чинь хаана вэ? дөхүүлээд өгье, эндээс унаа олоход хэцүү юм шиг байна, суучих " гээд өнөөх дуугүй залуу дуутайхан хэлж хаалгаа нээлээ. Мэрэгчийн гадаа хэдэн цаг хамт сууж танил болсон хэдий ч би түүнд гэрээ яг тодорхой зааж өгсөнгүй, төв рүү дөхөөд буучихъя гээд машинд нь суув.

Түүний машин өнгө шигээ цэвэрхэнээс гадна тохилог бөгөөд нэг тийм анхилуун хурц үнэр сэнгэнэ. Залуу дуугүй нэгэн биш болох нь " танихгүй бүсгүйг цаг гаран хүлээдэг өвчтэй амьтан бэ гэж бодоогүй биз дээ? " гээд инээмсэглэнгээ ундаа задалж надад өгөөд " түрүүн ч ёстой хатаж үхэх гэж байлаа шүү, чамаас хамт гарч юм уух уу гэж асуумаар байсан ч тэнд байсан хүмүүсээс санаа зовоод дуугай л суулаа гээд энэ яриагаа дуусгаагүй шахуу " чи их өндөр юм аа, загвар өмсдөг үү " гэж дараагийн асуултаа яаруухан асуув. Энэ мэтээр тэр асууж, би голдуу хариулсаар явсан шиг санагдана. Санагдана гэхийн учир нь түүнээс цааш юу болсоныг би санадаггүй юм.

Нэг л мэдэхэд би түүнтэй нэг газар сууж байлаа, чухам тэр газар ямар газар болох, яаж тэнд очсоноо ч мэддэггүй. Би согтуу ч юм шиг гэхдээ архи, пиво уусан эсэхээ ч санадаггүй. Өнөөх залуу надтай бүжиглэе гээд байх юм гэхдээ бүжиглэх бус намайг тэвэрч биед хүрээд байгаа нь нэг л таатай бус, гэлээ гээд надад өөрийгөө удирдах хүч, ухаан гээд байх зүйл тун бага. Бүсэлхийгээр минь тэвэрч, үнсэх гэж оролдох үед нь түүнийг түлхлээ харин хариуд нь тэр намайг их л хүчтэй алгадсан юм. Уйлж, орилж чадахаараа түүнийг эсэргүүцэж, би хүүхэдтэй хүн, намайг хүү рүү минь явуулаач гэж гуйж байнсаа санана. Ширээ ч юмуу, тавиур ч юмуу нэг л зүйл дээрээс ямар нэгэн шилэн эдлэл түлхэхэд их дуу чимээтэй унаж байгаа нь сонстоно.

Тэр намайг дахиад л алгадав. Би хамаг хүчээ шавхан " Туслаарай, туслаарай " гэж хэдэнтээ ориллоо, тэр амыг минь дарах гэж ноцолдоно. Удсангүй ямар нэгэн зүйл балбах чимээ гарч байв гэхдээ тэр чимээ их л хол сонсогдож байх шиг. Түүнийг цааш түлхээд дахиад л би тусламж хүсэн ориллоо чухам хэчнээн чангаар сонсогдож байсныг даанч мэдэшгүй. Балбах чимээ л чангарч, хэн нэг нь ярих шиг.

Хаалга эвдэж орж ирсэн үү эсвэл залуу хаалгаа нээсэн үү ямар ч байсан тэнд залуугаас гадна хэн нэг нь байсан шиг санагдана. Өөрийгөө хянах чадвар муу байсан ч миний цүнх гэж асууж байснаа л санагдаг юм. Нэг мэдэхэд би шат уруудан уйлаад л гүйж байлаа, тэгж гүйж явах даа орон сууц гэж там тум бодол толгойд ирж ирснийг санаж байна. Төмөр хаалга ард их л дуутай савчин хаагдаж, хүйтэн агаар мэдрэгдэнэ гэхдээ би гүйсээр, уйлсаар бүр цэцэрлэгийн бололтой торон хашаа даваад гүйхэд тэнд суусан охид хөвгүүдийн зүс царай бус миний хойноос зүгээр эсэхийг минь хашхиран асууж байсан нь бүдэг бадагхан л санагддаг юм.

Гүйгээ чигээрээ гэртээ харьсан уу эсвэл унаа авсан уу ямартай ч би гэртээ иржээ, утас дуугарах чимээнээр цаг харвал найм болоход хэдэн минут дутуу, гэхдээ надаас айдас салдаггүй уйлж уйлж нэг мэдсэн унтаад өгч. Дүү минь намайг сэрээхэд шөнийн 11 цаг болж байлаа, бүлцийсэн нүд, улайсан хацрыг минь хараад түүний санаа зовж буй нь илт харин би түүнээс " надаас архи үнэртэж байна уу? " гэж л асуусан юм. Дүү охин бүр гайхаж " та архи уусан юм уу " гэж хариулах бус асуулт асуугаа надад тулж ирээд хэсэг үнэрлэсэн ээ " юу ч үнэртэхгүй байна " гэв.

Үнэндээ би архи ууснаа огт санадаггүй зөвхөн түүний машинд суухад үнэртэж байсан өвөрмөц үнэр, ундаа хоёроос өөр эрүүл үеийн минь ой ухаанд үлдсэн баримт үгүй. Тэр өдрийн өглөөг, хүүгээ хадамынд хүргэж өгсөн өө, үзмэрчийнд яаж очсон оо, тэнд ямар хүмүүс байсныг, тэндээс гарахад таван цаг өнгөрч байсан гээд бүгдийг санах ч яг тэр залуугийн машинд суугаад ундаа ууж, асуултанд хариулж явснаас хойших хэсэг үеийг ор тас санадаггүй харин хаа нэгтээ ( бодвол тэр залуугийн гэр ) өрөөн дотор байснаас хойш гэртээ ирэх хүртэлхийг там тум санадаг минь үнэхээр сонин.

Би тэр байрыг хаанахын ямар байр гэдгийг тодорхой мэддэггүй ч хашааг нь давж гүйсэн цэцэрлэгийн баримжаагаар 13-дугаар хорооллын есөн давхар цагаан байрны нэг болов уу гэж таамагладаг юм. Гэхдээ би энэ таамагаа батлах гэж тэр муухай өдрийг дурсаж, болсон бүхнийг бодоод байх дургүй ээ, учир нь энэ явдал нөхрийг минь эзгүйд болсон болохоор хадамууд минь надад итгэхгүй байх гэхдээ хэнд ч хэлэхгүй нууцалсан юм. Магадгүй би нэр төрөө бодсон доо ч нууя гэж хатуу шийдсэн байх. Гэхдээ хүн өөрөө өөртөө хар бараан ийм дурсамж тээж явна гэдэг амаргүй юм...

Түүний машинаас үнэртэж байсан өвөрмөц үнэр, түүний өгсөн ундаа хоёрт мансууруулах бодис холиотой байсан гэж би боддог, энэ хэдий таамаг бодол төдий ч би энэ таамаглал даа өнөөдрийг хүртэл итгэдэг.

Одоо би ханьтайгаа, хүүтэйгээ хүний нутагт аз жаргалтай амьдарч байна харин сэтгэл дотор минь хар дарсан зүүд шиг энэ муухай дурсамж одоог хүртэл нууцлагдан байсаар. Олон хүнд хэлж сэрэмж, анхааруулга болгоё гэвч анхнаасаа би бүгдээс нь нуучихсан болохоор итгэж хэн нэгэнд хэлэхэд хэцүү байлаа. Хэдий би өөрөө та бүхний таних нэгэн блогчин болов ч өөрийн цахим хуудаснаа энэ тухай нийтлэн бичих боломжгүй тул блогчин Эрxцасыг бусдад сургамж, анхааруулга болгон хүргээч гэж хүссэнээр амьдралын минь бараан дурсамж та бүхэнд ийнхүү хүрч байна.

Өдрөөс өдөрт эх оронд минь сэтгэл түгшим явдал их гарч байгаа тухай мэдээллийн сайт бүрээс уншиж суух даа өөрт тохиолдсон энэ явдал хэн нэгэн бүсгүйд бүр аймшигтайгаар, зэрлэгээр тохиолдож амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх вий гэж сэтгэл минь ихэд зовдог юм. Тиймээс охид бүсгүйчүүд минь хичнээн сайхан байсан ч, хэдий даруухан байлаа ч үл таних нэгнээс болгоомжилж, дайлсан өгсөн бүхэнд нь мэдээтэй хандаж байхыг сануулая.

Олны дунд хонь шиг араатан дүрээ нууж явдгийг үргэлж санаж сэрэмжтэй л яваарай.

16 comments:

  1. Пээ ямар аймаар юм бэ. Монголд одоо нээрээ аятайхан хөөрхөн төрөх ч хэцүү болжээ. Чи минь тэгээд эсэн мэнд салаад эрүүл энх амьдарч байгаа нь яамай даа.

    ReplyDelete
  2. Yamar aimaar yum be. Zurx uvdchixluu.

    ReplyDelete
  3. Банжигт байхад чинь бичлэгүүдийг чинь уншдаг байсан. Энд хүүгээд ирээ юу, ашгүй саатал багатай газар саадгүй уншдаг болох нь. Дээрхи бичлэг өөрт чинь тохиолдсон явдал биш биз дээ?

    ReplyDelete
  4. Ногоохон-д Харин тиймээ, үнэхээр аймаар байгаа биз. Гэхдээ энэ надад тохиолдсон явдал биш ээ харин та бидний таних нэгэн блогчин бүсгүйд тохиодсон гэсэн. Надаас бичиж өгөхийг хүссэн тул хамгийн тохирох арга нь хүүрнэлийн л арга байлаа харин уншсан хүнд би хүүрнэж байгаа мэт сэтгэгдэл төрөх тул бид хоёр бага зэрэг засвар орууллаа.

    Алис-д Айдастай ч анхааруулга болох юм даа бидний бүсгүйчүүд болоод охидод.

    Пиглэт-д Баярлалаа бичлэгүүдийг минь уншиж байдагт :) Банжиг маань бүр таг болоод нүүхээс өөр арга байсангүй ээ :( Тиймээ, дээрхи явдал надад тохиолдсон явдал биш харин та нарын таних өөр нэгэн блогчин бүсгүйд тохиолдсон явдал.

    ReplyDelete
  5. ooo yasan aimaar ymbe... hund itgehed mon ch hetsuu bolj dee... ub-d taxi.nd suuhaas aigaad bdishd... heden togrog iluu ogoh ch gsn duudlagiin taxi iluu amar sanagdaad bdin.

    ReplyDelete
  6. Ингээд л эмэгтэй хүнийг өрөвдөхгүй байж болдоггүй юмаа

    ReplyDelete
  7. Тэр муу гөлчийсөн гар юмаа над дээр дагуулаад ир. Эсвэл заагаад аль. Би түүнд эм хүнийг хүндэтгэх хичээл заагаад өгөмз. Миний хичээлд муу дүнтэн төрдөггүйгээр алдартай.

    ReplyDelete
  8. "Гөлийсөн шар" ыг шүү!

    ReplyDelete
  9. Gui ee tegeed ter aihtar mergen buudii ni tegeed tiim sain meddeg um bol anhaaryylj ene ter boloogui l um baih daa.

    ReplyDelete
  10. энэ хүн зүүдээ л бичээд байна даа гэж бодсон чинь болсон явдал байжээ. Монголд улам л аймар болоод байгаа гэж үнэн байхаа даа. Болох болохгүй юм их л сонсогдох юм байна шүү дээ

    ReplyDelete
  11. erhtsasiig uuriinguu tuhai bichij bgaa gej bodood huurtdag uye ungurchee,

    ReplyDelete
  12. аймрын.. хүнд итгэх хэцүү болсон үе болжээ

    ReplyDelete
  13. haa ch yawsan tanihgui hunii, er n sain tanij medehgui hunii ugsun undaa, hooliig ogt idej uuj boldoggui gej oir hawiihandaa sain helj surgamaar ym bna. Er n kino minon dr iim ym ih gardag shdee, Undaa zadalj uguud uulaa geheer n yaasn genen ym be gej bodoj blaa. Emegtei hun biyedee zaaal spray ym uu biye hamgaalah hereglel avch yawmaar ym bna daa.

    ReplyDelete
  14. har tamhinii turuliin mansuuruulah bodis herelesen bna, tiimerhuu bodisuud yag tiim hurts unertei bdag yum.
    uvsniih yum shig hernee, ter gehiin temdeggui neg tiim uner, hehe tailbarlaj chadahguine.
    Yag huchtei uilchilsen uedee uuriiguu hyamanah chadvaraa aldana,hii yum harna duu durs mash huchtei medregdej ,er ni baga zereg solioroliin bdaltai bolno.
    Muu l zaluu taarch de, er ni hunii ugsun yumiig hamagui idej uuj bolohgui shuu humuusee, sonin sonin humuus bh yum da.

    ReplyDelete