Thursday, 18 September 2025

Салхинд дайгдах бодол

Нээлттэй цонхоор дотогш нэвтэрч энд тэндгүй дураар сэлгүүцэх эрх чөлөөт салхихан, нимгэн даашинз болоод сул сүлжсэн үсээр минь наадавч сэтгэл нь ханахгүй бололтой ханаар татсан хөшиг, ширээний нимгэн бүтээлгийг үе үе дэрвэлзүүлэн салхилж томоотой сэтгэлийг хөнгөн мөрөөдөлд автуулан гэгэлзүүлнэ.

Хэн нэгний хувьд хэтэрхий том харин миний хувьд дэндүү жаахан хорин долоон нас минь яг л энэ салхи шиг эрх чөлөөтэй бас дураараа тиймдээ ч сэрүү татсан салхинд тэнгэрийн зүг толгой өргөөд нүдээ анин алхах дуртай. Халуун дулаан энэ орны шөнийн цагаар хүйтэн салхи илүүтэй үлээж, одот тэнгэр тэртээд хэдий ч энүүхэнд буй мэт ойрхон санагдаж, салхитай хамт би нисэх мэт болдог.

Сэтгэлдээ тэртээ дээр дэрвэж нисээд хөнгөхөөн мөрөөдөлд автан дэггүйтэх бүсгүйн гадаад төрх магадгүй даруухан бас хатуухан байж болох тийм болоод ч зарим нэг нь намайг " Төмөр хадагтай " гэж тодорхойлдог биз. Гэвч өөх ч биш булчирхай ч биш нялцгануур байдалд би дургүй надад бас зохихгүй. Төмөр шиг хатуу байж болох ч харин түүн шиг хүйтэн гөжүүн бол биш.

Нас минь ч тэр бие минь ч тэр аль аль нь залуухан, жаахан гэвч би тэртээд хоцорсон " Хорин нас " шигээ гэмгүй цайлганаар дурлаж, эрхэлж чаддаггүй муу санаатан, гэлээ гээд бас муушааж буруутаж чадахгүй нь мэдсээр байж зовлонг дагуулах хуурамч амьдралд шигдээд орохыг хэн ч хүсэхгүй. Энэ насанд хэдхэн шөнө жаргаад салах биш нэгэн насыг жаргал зовлонгийн хамт үүрээд туулах насны хань, насны хайраа л би олох ёстой.

Магад хэн нэгэнд хатуурхан өөрөөсөө түлхсэн бол тэр нь хэн хэндээ илүү их боломж олгосон завшаан байх. Аливаа зүйлийг зөв талаас нь харвал аз жаргалын олон хаалга нээгдэж, түүнд хүрэхэд ойрхон байгааг мэдэрнэ харин эсрэгээр санааны муугаар харвал ямар ч гарцгүй харанхуй өрөөнд түгжигдэн, сааралтаж харанxуйлсан нүдээр аз жаргалын гэрэлт гарцыг олохгүй байж мэднэ.

Өнөөдөр би бүгдийн биш ч ганц нэг залуусын харцыг татаж яваа залуухан бүсгүй бас эрх чөлөөтэй гэхдээ би эрх чөлөөг буруугаар бодож амьдралаа зугаа болгоогүй. Миний амьдрал зарим нэгэнд нууцxан ч бас зарим нэгэнд дэндүү ил байдаг тиймээс ч тэд намайг сайн мэднэ. Гэвч бас зарим нэг нь нууцын сан мэт санаж амьдрал уруу минь өнгийнө, дэл сул зүйл хайна, олохгүй бол зохионо, зохиомжит бодолдоо итгэнэ, цааш ярина.

Чимээгүй инээмсэглэн явах намайг мэдсэнгүйдээ гэж эндүүрнэ, гэвч би бүгдийг мэдэж мэдэрсэн л байдаг мэдрэх тусмаа чимээгүй бүр чимээгүй зүгээр л инээхийг хүсдэг. Ээлж дараатай амьдралд надад хандах хандлага эргээд өөрт нь ирэхэд надад ямар байсныг мэдрэх болохоор эсээ үхүүлэн уурлаж, үгийн мууг сэтгэлдээ хураан, бараан бодол тээхийг би хүсэхгүй.

Олон жилийн дараа ирэх " Гучин долоон нас " минь залуухан бас жаахан санагдана надад. Гэвч тэр үед яг өнөөдрийнх шиг нээлттэй цонхоор салхи үлээж хормой хийсгэн, сул сүлжсэн үсээр минь наадахад мэдрэгдэх мэдрэмж, дэрвэлзэх сэтгэл минь арай өөрөөр илэрч, арай өөр зүйл бичиж сууна. Учир нь хорин долоон нас шиг гучин долоон нас гэж байдаггүй энэ хоёрын дунд гүүр болох " Арван жил " намайг өөрчилсөн байна.

Өөрсдөө бид залуухан, хүсэл сэтгэл минь дэврүүхнээр, учрал хайрыг зүг сэтгэл зүрхээ догдлоон алхаж байж нэгнээ илүү үзэж, нүгэл багатай амьдралыг нь сэтгэлдээ там болгон зураглах хэрэггүй.

Өөрийн залуу насаа хайрладаг шигээ зөрөн өнгөрөх түүнийхийг ч бас хайрла. Өндөр нам, өмссөн зүүснээрээ бид ялгаатай ч зурсан юм шиг ижилхэн нэг л зүйл байх агаад тэр нь бидний " Залуу нас " л байх болов уу...

Гэж арван хэдэн жилийн өмнө бичиж байж.

Ингэж бичиж суухдаа арван жилийн дараа ирэх " гучин долоо "-н насандаа хоёр дахь хүүгээ төрүүлээд бүүвэйн дуу аялаж сууна гэж бодооч үгүй л цонхоор салхилах салхины гоё сайханд татагдан суусансан.

Өнгөрсөнд үлдсэн хэдэн мянган өдрүүдээс сэтгэлд тодоос тод дурсагддаг тэр өдрийг, тэр салхийг бас өмсөж суусан нимгэн даашинз минь усан цэнхэр өнгөтэй байсныг ч тод санаж байна. Тэгэхэд харин би " Дөчин нас "- ны тухай бодоо ч үгүй явлаа. Огт бодож суугаагүй дөчөөд настайгаа хэдийн учирсан ч хуучных шигээ салхинд, одод, бороонд бас цасанд дуртай яг л хэвээрээ.

Нандин байж дээ миний хорин долоон нас...

2 comments:

  1. Гоё бичдэг.... магадгүй өнөөдөрт ирээдүй нь багтаж.. өнгөрсөн тод ..

    ReplyDelete
  2. Bichihiig ni huleeser

    ReplyDelete