Monday 2 February 2015

Гүнж

Эмэгтэй хүн амьдралынхаа нэг өдрийг гүнж шиг, нэг жилийг хатан хаан шиг өнгөрүүлдэг юм гэнэ лээ. Би ямар ч байсан гүнжийн нэг өдрийг нь сэтгэл хангалуунаар өнгөрүүлж ёстой л од шиг гялалзаж үзлээ :)

Гүнжийн нэг өдөрт бэлтгэх гэж бүхэл бүтэн найман сарыг зарцуулсан минь Сингапур охидын зарцуулдаг дундаж хугацаатай харьцуулахад хамаагүй богино хугацаа юм. Ихэнх Синга охид жил, хоёр жилийн өмнөөс хуримын бэлтгэл базааж, эрэл хайгуул хийдэг юм билээ. Намайг бэлтгэл базааж, эрэл хайгуул хийсэнгүй гээд нөхөр маань багагүй л үглэсэн ( хэлээ гаргав ) Их зүйл хүсэж, их төлөвлөгөө гаргах тусам аа чи бид хоёр л ядарч тэр хэрээр сэтгэл санааны стрессд өртөнө бас санхүү тал дээр ч хүсэх хүсэл тутмын чинь тоогоор тэг нэмэгдээд данс тооцоонд ч хүндрэл тулгарна гэж нөхөрт хэлсээр ийм тийм илүү зүйл хуримын төлөвлөгөөнд бараг багтаагаагүй ээ.

Зарим нэг танил, чамаас ямар гарах зардал биш цаад талаас чинь гарах юм чинь үнэ өртөгт нь санаа зовж, хямд төсөр байлгах гэж яадаг юм ч гэж бас зөвлөж л байлаа. Миний хувьд нөхөр бид хоёр нэгдэн нийлж нэг гэр бүлийг үүсгэж байгаагийн хувьд түүнд байгаа бүхэн маргааш минийх, түүнд тулгарах бүхэн миний гэр бүлийн асуудал болж маргааш надаас хариуцлага нэхэх учраас түүнд байгаа бүхнийг зөв зүйлд учир утгатай зарцуулах гэж л ийм тийм илүү зардал бүхнийг үргүй зардалд тооцон төлөвлөгөөнд оруулалгүй хассаар, илүү дутуу зүйлгүй ч ирсэн зочид сэтгэл хангалуун, идэж уухаар элбэг дэлбэг бас болоогүй үзэж харах Монгол үзүүлбэртэй өөрийнхөө хэмжээнд хөөрхөн хамгийн гол нь хэн хэн маань аз жаргалыг мэдэрсэн сайхан хурим хийсээн :)

Бэлтгэл ажил бүрээсээ л жижиг жижиг аз жаргалуудыг мэдрээд сэтгэл догдлон байх үгээр хэлж, кийбоордоор товшимгүй нэг тийм сайхан мэдрэмж юм билээ. Хурим хийх газар ( зочид буудлын хүлээн авалтын өрөө ) хуримын даашинз сонгох, хуримын зураг авахуулах, зочдын тоо гаргах...гээд л сар сараар бэлтгэх ажлууд өдөр өдрөөр завгүй болгох хэдий ч тэр бүхнээс цацрах гэрэл гэгээ нь инээмсэглэл болон нүүрэнд тодрох нь амьдралд, эмэгтэй хүн болж төрсний бас хос болон жаргаж суух гэж буй эрэгтэй эмэгтэй хүн бүрийн заавал мэдрэх бас заавал гоёх инээмсэглэл гэж хэлмээр.

Багаасаа л хурим хийж хүнтэй суудаг нь ёс гэдэг үзэл бодлоор төлөвшдөг болохоор охид нь мөрөөдлийн даашинз аа сэтгэл дээ зураглаад, тэрхүү зураглалаа бариад даашинз аа хайна. Харин миний хувьд огт өөр орчинд, хуримын даашинз бүү хэл хурим ч мөрөөдөж өсөөгүй тул даашинз сонгоход л жаахан цаг зарцуулав. Нэгэнт мөрөөдлийн даашинзгүй хүн яахав өөрт зохих, биеийн элдэв өөг далдалж, хамгийн гол нь биед эвтэйхэн байх гэдэг шаардлага тавиад арваад гоёмсог даашинзаас дээрх шаардлагад нийцэж, өөрт хамгийн сайхан зохисон бас нөхөрт минь хамгийн сайхан харагдуулсан дэгжин даашинз сонгож чадсан. Үнэн дээ нүүрээ сайхан будаад, үсээ гоё янзлуулахад л ямар ч даашинз, ямар ч эмэгтэй хүнд сайхан л зохих юм билээ :)

Манайд болдог хуримаас арай өөр нь хуримлагч хос болон тэдний найзуудаас сонгогдсон залуус л хуримын бэлтгэл ажил, түүнд шаардлагатай зүйлсийг цуглуулах бөгөөд аав ээжийн талаас энэ тэр зүйлд оролцож, ихэнх шийдвэрийг гаргаад байдаггүй нь бас тэднийг ядраагаад байдаггүй нь маш их таалагдсан. Бодоод байхад манайхан хэт эрт амьдрал эхлүүлдэг болохоор хурим найр хийхэд өөрсдийн бус аав ээжийн хэтэвчнээс зарлага нь гарах тул эцэг эх голлон шийдвэр гаргаж, зохион байгуулдаг ч байж мэдэх юм. Дашрамд хэлэхэд Синга залуусын гэрлэх дундаж нас нь 28-34. Ихэнх нь ажил хийж хуримтлал үүсгээд эдийн засгийн хувьд эцэг эхийн хараат бус байдалд хүрсэн байх тул хурим найрын зардалыг өөрөө 100% даах чадвартай бөгөөд эцэг эхийн зүгээс хуримын бэлэг болгон хөрөнгө таслан өгөх нь элбэг ажиглагдсан.

Хурим гэдэг хөрөнгө мөнгөөр далайлган, бэл бэнчингээ гайхуулдаг зүйл бус хайртай залуус амьдрал аа хэчнээн нандин, хиртээж боломгүй эмзэг ариухан гэдгийг мэдрэх, тэр хэрээр хариуцлага хүндлэлээр ирээдүйд ээ хандах амьдралын бат суурь болох эхлэл юм гэдгийг баяр хөөрөөр дүүрэн инээмсэглэж, ханийнхаа гараас хөтлөн зогсох тэр үед илүү ихээр мэдэрч, хурим гэдгийн цаад учрыг ойлгох шиг санагдаж билээ.

Эмэгтэй хүн бүр тэр сайхан мэдрэмжийг мэдэрч, цагаахан даашинзаар гоёсон хөөрхөн гүнж болоод од шиг гялалзан хэн нэгний гэргий болоосой гэж хүснэ.

17 comments:

  1. Az jargal, sain saihan buheniig husye!

    Yaasn goyo zurag we.

    amidraldaa 1 udur gunj bolnooo gkkkk :)

    ReplyDelete
    Replies
    1. Маш их баярлалаа :) Энэ бид хоёрын хуримын цомогт зураг авахуулж байгаа үеийн зураг. Ингэж зураг авахуулах чинь бас их гоё юм байна лээ. Та хоёр гэрлэчихсэн ч гэсэн ингээд зураг заавал авахуулаарай за.

      Delete
  2. hachin huuhed ve,zaaval har daashinztai zyrgaa tavidag ni yaj bgn,tsagaan daashinztai zyrgiig chin hirtuuleh geed bn yy,tsagaahan ataarhaad az jargal huseed garav.

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ, цагаан даашинзтай зураг нь дандаа наашаа хараад нар шиг л мишээсэн зураг байгаад байна аа :-Р

      Аз жаргалыг алга аа тосоод авлаа баярлалаа :)

      Delete
  3. Аз жаргал хүсье! Нэг өдрийн гүнж маань нилээн хэдэн жилийн хатан хаан болоорой! (Хатан хаан байх чинь жирэмсэн байх үе биз дээ? )

    ReplyDelete
    Replies
    1. Маш их баярлалаа. Тийм ээ жирэмсэн байх үедээ, төрсөний дараах нэг сард гээд нийлээд нэг жилийг хатан хаан шиг л асаруулж өнгөрүүлдэг юм гэсэн хэхэ

      Delete
  4. Синга залуутай хуримлаа юу? Аз жаргал хүсье!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа :) Асуултын хариултыг эндээс уншаарай ;) http://erhtsasbanjig.blogspot.com/2013/07/blog-post_30.html

      Delete
  5. Баяр хүргье. Бөөн бөөн аз жаргал хүсье. Сайхан амьдраарай. Хатан хааны аз жаргалтай үеээ удахгүй эдлээрэй. :-)

    ReplyDelete
    Replies
    1. Үнэхээр их баярлалаа :) Хатан хааны үе ирэхээр жаргалтайгаар бас бичлэг хийнэ ээ, хэхэ

      Delete
  6. Баяр хүргэе. Бас аз жаргал хүсье.

    ReplyDelete
  7. хөөх огт сонсож байгаагүй үг байна шүү баяр хүргье ээ, цагаан биш хар даашинз өмссөн нь үнэхээр өвөрмөц харагдаж байна шүү, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

    ReplyDelete
  8. уншиж эхлээд л гоё гоё даашинзтай зураг үзэх нь гээд баярласан чинь ганцхан зураг байна кккк
    бүр хорхой хөдөлчихлөө :)

    ReplyDelete
  9. Blog-g chini unshih ih durtai. Bayar hurgie hurimaa hiisend. Az jargal husie. Gadaad ni bna uu, Mongol ni bna uu az jargaltai l bval busdad hamaa baijuu.

    ReplyDelete
  10. Bayar hurgiye. Az jargal buhniig husye

    ReplyDelete