Monday, 13 April 2026

Мэргэнд буусан амьдрал ( үргэлжлэл )

Хэрхэн амьдарч байгаа болоод ямар ажил хийж байгааг минь асуунгаа, завтай бол хүрээд ирээч бид хоёрт чамтай уулзах хэрэг байна гэж болзоо тогтоогоод утсаа тасалсан Аба (Аав) болоод тэдний ёс журамтай гэр бүлийн тухай нэхэн дурсахын сацуу чухам ямархан шалтгаанаар гэнэт надруу ярьсан юм бол гээд бас гайхах.

Сонгосон өдрийн болзоот цагтаа танил гудамжаар уруудаж, дотно хаалга нээсээр би тэднийд ирлээ. Ома, Аба амралтын цагаа өнгөрүүлдэг нөгөө л ширээнээсээ инээмсэглэн босцгоож дотночлон тэвэрсээр таван жилийн дараа бид ийнхүү уулзав. Он жил нэлээдгүй өнгөрсөн ч тэр ресторанд бүх зүйл яг л урьдын хэвээрээ гялалзаж гялтганах нь Омагын хэр их нямбай эзэгтэй хийгээд Абагын ямар чамбай удирдагч болохыг гэрчилэх шиг. Хэн хэнээс нь сурсан сайхан чанараар энэ өдрийг хүртэл би олны дунд манлайлан ажилласан. Өмнө минь хүлээх ирээдүйд ч гэсэн энэ чанар минь миний нэгэн хэсэг болсоор л байна гэдэгт итгэнэ.

Ойр зуурын яриа нэг их даамжралгүй бид гол асуудалдаа орлоо. Хоёр охины том нь хүнтэй сууж Америк оронд амьдрах болсон тул тэдний ресторанд охиныг нь орлоод данс тооцоог хөтлөн явуулах итгэлтэй хүн ( ажилтан ) хэрэгтэй болоод намайг дуудсан нь тэр байж. Өөр ажилд орно гээд хэдийн гэрээ байгуулсан тул Аба, Ома нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ хэлэхэд бүр биш юм аа гэхэд биднийг завгүй энэ үед түр ажиллаж өгөөч гэснээр анхлан эхэлсэн газраа дахин нэг сар ажиллах болов. Бүхнийг заалгаж байсан дөрвөн жилийн өмнөхийг бодвол чамгүй зүйл сурсан би шинэхэн атал аа танил дасал хуучин ажлаа хийхэд түүртэх зүйл үгүй. 

" Чи яг л хуучин шиг ээ өөриймсөг сэтгэлтэй хэвээрээ байна " гэсээр Ома намайг эгээ л охид шиг ээ эрхлүүлж, завгүй ажлын сиймхийгээр аманд амттан эсвэл ногоонд боосон шарсан мах хийх нь хаа газрын ээж хүний сэтгэл ижлийг нотолно. Боломж гарах бүрт Ома намайг тэдэнтэй үлдэж, тэнд ажиллаад гэр бүлийнх нь нэгэн гишүүн болохыг хүснэ бас ятгана харин би өмнөх амлалтандаа эзэн байж шинэ албанд, шинэ хүмүүстэй ажиллахыг илүүд үзнэ. 

Амлалтаас гадна нэлээдгүй жилийг өнгөрүүлж сайхан дурсамж бүрийг тэмдэглэн бичсэн дотноос дотно тэр жижигхэн байшиндаа нэг хэсэгтээ байхыг хүснэ, орхиод явчихаж боломгүй нэг л зүйл тэнд байгаа мэт хуучин компанийхаа бүдэг гэрэлтэй танхимдаа сэтгэл хорогдох.

Цалинг чинь нэмье, амралтыг чинь уртасгъя, ажлаа өөрийн хүссэнээрээ хий би зааж зааварлахгүй гээд ч шийдвэрийг минь өөрчилж чадаагүй дээ урам нь хугарч хэд хоног дуугаа хураасан Ома нэг өдөр намайг дуудаж өмнө өө суулгаад гарын чинь алгыг харж болох уу гэв. Мэргэ төлөг, далд нууц бүхэн сонирхол татах тул төвөгшөөж цааргалсангүй алгаа дэлгэлээ.

Өнгөрсөн бүхнээс эхлээд амьдралд тохиолдсон гол гол зүйлийг хэлсээр ажил, хувийн амьдрал, эрүүл мэнд, гэр бүлийн тухай сонирхолтой зүйлийг дэлгэх Ома:

- Тэгж байгаад чи эндээс явах нь гэхэд жилийн сүүлээр Монгол буцна гэж хэдийн төлөвлөсөн би:

- Тийм ээ, би Монгол явна гэж шийдэмгий хэллээ. Ома надруу инээмсэглээд

- Чи Монгол явахгүй ээ, шинэ газарт очиж өөрөөр амьдарна бүр мөсөн биш гэхдээ л чи тэнд нэг хэсэгтээ л удаан амьдарна. Нааш цаашаа олон явж, шинэ зүйлс олныг харна гээд бас бус зүйл ихийг хэллээ. ( хэт хувийн асуудал тул энд бичилгүй үлдээе харин хэлсэн бүхэн нь үнэн байсныг баталъя )

Алганд атгагдсан хувь заяагаа тун ч санамсаргүйгээр сонсож итгэхээсээ илүү гайхаж суух даа миний дараагын амьдрах газар " Хятад улс " тэр тусмаа Бээжин хот байна гэж яахан мэдэх...

Гэр бүлийнхэн " Цагаан сар " гэж хөөрөн догдлох тэр л мөчид, хаяанд нь байж яваад очиж чадахгүй, догдлол баясал тэгээд жаахан гунигтай яахоо мессэнжирийн жижигхэн дэлгэц ширтэж суухдаа Омагын хэлсэн " Ойрхон байж очиж чадахгүй, олон олон хаврыг угтах нь " гээд гарыг минь атган суугаа дүр зураг нь нүдний өмнүүр хөвөрч, гурван жилийн өмнө сонссон атганд минь багтсан хувь заяагаа гэнэт санаж итгэл хөвөрч, итгэлтэй хамт нэгэн сайхан гэр бүл, аав ээж сэтгэлд тодрох.

Алганд хувь заяаны далд нууц байдаг бол амьдралд учрах эрхэм та энэ амьдралын илхэн атал аа бас нэгэн далд нууц байх нь. Энэ нууцыг л мэдэхсэн...

Ингэж бичсэнээс хойш 14 жил өнгөрч. Ома Аба 2 минь ажиллах хүнгүй тул энэ уулзалтаас хойш нээх удалгүй рестораны бизнесээ зарсан. Бид дахиж уулзаагүй бөгөөд хуримаа хийхдээ урих гэсэн болов ч тэдэнтэй холбоо барих дугаар ч надад үлдээгүй байж билээ : (

Хааяа нүдээ аньж суугаад дүр төрхийг нь тодруулан санаж чангаас чанга тэвэрч, талархалын үгсийг сэтгэлийн гүнээс илгээж, мэхийн хүндэтгэдэг. Талархвал зохих мартаж үл болох олон хүмүүсийн хоёр нь нэгэн цагт аав ээж минь болж явсан дээрхи хоёр хүн юм.

No comments:

Post a Comment