Хэдэн өдөр догдолж битүүхэн бас гуниглаж санааширсан өдрүүд холдож, сэтгэлийн буйдаас аз жаргалын элчийг цацруулсаар эерэг мэдрэмжүүд сэргэж, нүүрэнд инээмсэглэл гэрэлтэнэ.
Эх нутагт өрнөх их баярын чимээ шуугиан идээ умдааг хүний нутгийн нэгэн хэвийн амьдралаас эрэн битүүхэн бэтгэрч, олохгүйдээ нурмайх гэнэхэн сэтгэлээ аргадан, алсран холдсон дурсамж бүрээс идээ цагаа, инээд хөөрийг цуглуулсаар баярын ширээг дурсамж хэмээх өргөөнөө засаж, хүндлэлт бодлоор сэтгэлээ дайлсан хүний нутаг дахь миний " Цагаан сар " хуучрах дөхлөө.
Ийнхүү өнгөрүүлэх " Цагаан сар " эхнийх нь биш гэдгийг би өөрөө сайн мэднэ, харин эцсийнх нь биш гэдгийг тэр надад хэлсэн. Тэгэхлээр би хэдэн жилдээ гадаад хэмээх харийн сонсогдох ч дасал болсон газартаа хэсэг амьдрах төөрөг зурагтай :)
Төөргийг минь хэлсэн тэр эмэгтэйг " Ома " буюу " Ээж " гэж би дотночлон дуудax. Тавин насыг давж яваа Солонгос эмэгтэй огт танихгүй миний зургийг санамсаргүй хараад " Энэ охин энд ирвэл би ажилд авна " гэж хэлсэнээр миний эх нутгаа орхиж явах хоёр дахь аялал найман жилийн өмнө эхэлсэн юм. Ома хэлсэн дээ хүрч намайг ажилд авсан. Эхэлсэн өдрөөс эцсийн өдөр хүртэл би тэнд үнэнчээр, мөнгийг бус итгэлийг хүндэтгэж ажилладаг байлаа. Гэхдээ илүү ихийг сурах, тэр тусмаа Англи хэлээ сайжируулахсан гэх хүсэлдээ хөтлөгдөн зургаан сарын дараа Омагаа уйлуулсаар гэр бүлийн жижигхэн тэр рестораныг орхин Сингапуртаа томд тооцогдох Солонгос хоолны өөр ресторанд ажилд орлоо.
Оматай ажиллаж сурсан бүхний хүчинд шинэхэн ажилд түүртэлгүй, өөрийн хэмжээнд биеэ дайчинлан ажиллаж байгаад харь нутгийн бүсгүйн ( Солонгос ) бүдүүлэг авиртай зөрчилдөж бараг нэг жилийн дараа өөрийн хүсэлтээр ажлаа орхиод гарсан минь тухайн үедээ хүндхэн санагдаж байсан ч амьдралыг минь өөрчлөх өөрчлөлтийн эхлэл байсныг яахан мэдэх.
Солонгосчуудын хүрээллээс гарч Сингапур компанитай амьдралаа холбосон минь тун зөв сонголт болсон юм. Хүссэнчлэн Англи хэл минь бага багаар сайжирч, өдөр өдрөөр ажлаа өөрийн болгосоор би тэнд хөөрхөн албан тушаалд эзэн сууж амжилттайгаар удаан ажилласан. Энэ бүхэн компанийг маань өөр дүүрэгт шилжиж нүүх хүртэл үргэлжиллээ.
Түрээсийн үнэ огцом нэмэгдэж, шоконд орсон захирал минь шинэ үнээр түрээсээ төлөх үгүйгээ шийдэж чадаагүй байтал аль хэдийн шинэ түрээслэгч түрээслэх хүсэлтээ өгсөн байв. Хачирхалтай нь өнөөх шинэ түрээслэгч болох эхнэр нөхөр хоёр нэгэн завгүй баасан гарагийн орой бизнесээ судлахаар найзуудтайгаа ирэхдээ намайг олж харсанаар удалгүй надад тун дажгүй ажлын санал тавьсан билээ. Сарын дараа эхлэх шинэхэн ажлаа хүлээж сунайсан нэг сарыг хэрхэн өнгөрүүлэх төлөвлөгөө боловсруулан гэртээ суусан эхний өдөр утсанд дуудлага ирсэн нь Омагын нөхөр буюу миний дууддагаар Аба ( Аав ) байв ...
No comments:
Post a Comment